Сүүлийн үед авлигын индексийн талаар дээр, доргүй ярих боллоо. Манай улс олон улсын байгууллагын судалгаагаар сүүлийн байр эзэлсэн гэж яригдаад байна. Энэ ер нь ямар учиртай судалгаа вэ? Хэр үнэн бодит судалгаа вэ? Монгол Улс яагаад муу үнэлэгдэж байгаа юм бэ? Үүний шалтгаан юу вэ? АТГ-ын үйл ажиллагаатай холбоотой юу?
Чингэлтэй дүүргийн иргэн С.Оюунчимэг
Дээрх асуултад АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар дараах хариултыг өгөв.
Авлигын төрөл, илрэх хэлбэр, одоогийн түвшнийг судлах, хэмжих нь цаашид түүнээс сэргийлэх, тэмцэх бодлого, үйл ажиллагааны чухал үндэслэл болно. Гэтэл авлига нь улс орны газар зүйн байршил, нийгэм-эдийн засаг, улс төр, соёлын зэрэг маш олон хүчин зүйлээс хамаардаг цогц үзэгдэл учир шууд хэмжих боломжгүй хувьсагч юм. Тиймээс авлигыг хэмжихэд чиглэсэн олон янзын судалгаа, индексийн тоо, ялангуяа, сүүлийн арван жилд асар хурдацтай нэмэгдсэн.
Авлигын түвшний талаарх бодит мэдээллийг олж авахад төвөгтэй байдаг бөгөөд улс орны болон цаашлаад дэлхийн түвшинд авлигын бодит түвшинг үнэн зөв тооцдог хэмжүүрийн систем хараахан бүрдээгүй байна. Учир нь авлигыг бүс нутаг, үндэсний болон дэлхийн хэмжээнд хэмжиж, мэдээлэл цуглуулахад төсөөллийн судалгааг голчлон ашигладаг. Тиймээс одоогийн судалгаа, индексүүд нь авлигын талаарх төсөөллийн хэмжүүр юм.
Авлигын төсөөллийн индекс бол мэргэжилтнүүдийн үнэлгээ болон санал асуулгын дүнгээр тодорхойлсон төрийн байгууллагын авлигын түвшингээр нь улс орнуудыг эрэмбэлдэг индекс юм. Энэ нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш, харин АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгод байрлан үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний зарим буюу авлига, түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон авч тодорхой аргачлалын дагуу дэлхийн 180 улс орныг 0-100 оноогоор үнэлдэг индекс юм. Индексийн 0 оноо нь хамгийн өндөр авлигатай, 100 оноо нь цэвэр гэсэн утгатай.
Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 2012 оноос хойш 35-39 оноогоор үнэлэгдсэн бөгөөд сүүлийн хоёр онд дараалан өөрийн түүхэндээ хамгийн багаар буюу 35 оноотой үнэлэгдээд байна. 2020 оны Монгол Улсын индексийг тооцоход 9 эх сурвалжийг ашигласнаас АНУ-ын “Пи Ар Эс” группээс гаргадаг Эрсдэлийн үнэлгээ 6 оноогоор, Швейцарын “Ай Эм Ди” байгууллагын өрсөлдөх чадварын эмхтгэлийн үзэл бодлын судалгаа 4 оноогоор, Ардчиллын олон талт байдлын төслийн үнэлгээ 3 оноогоор тус тус өсөж, Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс 3 оноогоор, “Глобал инсайт” байгууллагын Улс орнуудын эрсдэлийн түвшин 12 оноогоор тус тус буурсан байна. Харин Дэлхийн эдийн засгийн форумын үзэл бодлын судалгаа, “Бертелсман сан” Шилжилтийн индекс, Дэлхийн банкны Улс орны бодлого, институцийн үнэлгээ, Эдийн засгийн мэдээллийн нэгжийн Улс орнуудын эрсдэлийн үнэлгээний оноо өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна.
Авлигын индексийн оноо өсөөгүй, байр ухарсан нь аль нэг байгууллагын үйл ажиллагаатай, тэр дундаа АТГ-ын үйл ажиллагаатай холбоогүй. Энэ бол манай улсын одоогийн тогтолцоонд өгч буй оноо гэж хэлж болно.
Ямартай ч Авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй (бодит байдлыг хэр зэрэг найдвартай илэрхийлж буйг нь шалгах боломжгүй хэдий ч) олон улсын байгууллагын үнэлгээ тул бид авлигын эсрэг төрийн бодлого, үйл ажиллагаандаа үндэслэл болгон ашиглах ёстой.