Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Эцэг, эх нь шүүхээр орохдоо хүүхдийн тэтгэмжийн асуудлыг ХӨНДӨӨГҮЙ байсан ч хүүхэдтэй л бол шүүх тэтгэмжийг заавал шийдвэрлэнэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
17 минут 10 секунд

20 гаруй жил шинэчлээгүй Гэр бүлийн тухай хуулиа цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн батлуулахаар УИХ-д өргөн бариад буй. Хуулийн төслийн хэлэлцүүлгүүд үргэлжилж буй энэ цаг үед зарим заалтуудтай холбоотой олон талын саналууд олон нийт болоод УИХ-ын гишүүдээс гарч буй. Тэгвэл эл хуулийн төсөлд зарчмын шинжтэй ямар өөрчлөлтүүд тусгагдсан болон түүнд нөлөөлсөн зарим тоон мэдээллээс та бүхэнд сонирхуулья.

-2022 онд 17 мянган хос гэрлэлтээ батлуулж, 4515 хос гэрлэлтээ ЦУЦЛУУЛЖЭЭ-

Монгол Улсын хэмжээнд 2016 онд 16,8 мянган хос, 2017-2019 онд жилдээ 20-21 мянган хос гэрлэлтээ бүртгүүлж байсан бол 2020, 2021 онд тус бүр 14,2 ба 16,1 мянга болж буурчээ. Түүнчлэн 2016 онд 4 мянган гэр бүл гэрлэлтээ цуцалсан бол 2020, 2021 онд тус бүр 3,4-3,4 мянга болж буурчээ. Харин 2022 онд 17694 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4515 гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулжээ.

Монгол Улсад гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байна. Дээрх тоон мэдээллээс харахад, гэрлэлт жилд 6,6 хувиар, гэрлэлт цуцлалт 1,0 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Иймээс тус хуулийг шинэчлэн батлах нь зүйтэй хэмээн хууль санаачлагчид үзжээ. Ингэхдээ шинэчилсэн найруулгын төслийг Чех, Польш, ОХУ, Исланд, Шинэ-Зеланд, БНСУ, Япон, ХБНГУ, БНХАУ, Канад, Финлянд зэрэг улсуудын гэр бүлийн харилцааг зохицуулсан хууль тогтоомж болон Монгол Улсын шүүхийн статистик тоо, судалгаанд үндэслэсэн аж. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 94 зүйлтэй.

-Хүн амын 6.1 хувь нь ЦУС ОЙРТСОН байх магадлалтай тул гэрлэгчид ДНХ шинжилгээ өгөх БОЛОМЖТОЙ-

Хуулийн төсөл өргөн баригдсанаас хойш гэрлэгчид ДНХ-ийн шинжилгээ өгнө гэх заалт олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл яагаад энэ заалтыг тусгах болов. Хууль санаачлагчдын зүгээс үүнтэй холбоотой заалт нь Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой хэмээн үзжээ.

Ингэхдээ цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор садан төрлийн хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хориглож, ДНХ-ийн лавлагааг шинжилгээнд хамрагдах БОЛОМЖТОЙ болгож хуулийн төсөлд тусгасан. Боломжийг үүсгэж байгаа буюу тус шинжилгээг "ЗААВАЛ" өгөх ёстой гэдэг агуулгаар бус сайн дурын үндсэн дээр буюу гэрлэгчид хүссэн тохиолдолд өгч болохоор тусгажээ.

-Гэрлэлт цуцлах шалтгааны дийлэнх хувийг хосууд хоорондын ТААРАМЖГҮЙ ХАРИЛЦАА эзэлж байна-

Шүүхийн шийдвэрийн цахим сангаас 2022 онд шийдвэрлэсэн, гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрүүдээс мөн 50 шийдвэрийг түүвэрлэн авч үзжээ. Үүнээс гэрлэлт цуцлах шалтгааны дийлэнх хувийг гэрлэгчид хоорондын таагүй харилцаа эзэлж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл болон гэр бүлээс гадуурх харилцааны шалтгаан ч багтаж байна.

-ХУУЛИЙН ТӨСӨЛД: Гэр бүлээс гадуурх харилцаа гэр бүлийн хэн нэгний нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан тохиолдолд хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй-

Гэр бүлээс гадуурх харилцаа нь гэр бүл салалтад их, бага хэмжээгээр нөлөөлж байгаа тул хуулийн төслийг өргөн барихаас өмнө олон нийтээс санал авах үед тус харилцааг хуульчилж өгөх саналыг иргэд ихээр ирүүлжээ. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зүгээс гэр бүлээс гадуурх харилцаа бий болгоход нөлөөлсөн гуравдагч этгээдэд хариуцлага оногдуулах асуудлыг хуульчлах нь учир дутагдалтай хэмээн илэрхийлсэн байдаг. Харин энэ харилцаанаас үүдэж гэр бүлийн аль нэг этгээдэд гэм хор үүссэн гэж үзвэл шүүх дээр нэхэмжлэл үүсгэж болох эрхийг хуульд тусгасан.

Тодруулбал, ёс суртахууны үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талын эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу гэм хорын хохирол төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаж болохоор зохицуулсан.

ОЛОН УЛСАД: БНСУ-ын Иргэний хуульд гэрлэгчийн зүй бус үйлдэл нь гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах үндэслэл болох бөгөөд зүй бус үйлдэлд гэр бүлээс гадуур харилцааг багтаан ойлгодог. Шүүхээс гэр бүлээс гадуур харилцааны улмаас гэрлэлтийг цуцлах тохиолдолд мөнгөн төлбөр оногдуулах жишгийг тогтоосон байна. Гэрлэгчдийн хэн нэг нь гэр бүлээс гадуур харилцаанд орсон үйлдэл нь зүй бус үйлдэлд тооцогдож гэр бүл цуцлах хууль зүйн үндэслэл болохоос гадна нөгөө гэрлэгчийн сэтгэл санаанд хохирол учруулсан гэж үзэн түүнд нь тохирсон хариуцлага хүлээлгэхээр зохицуулж байна.

-ХУУЛИЙН ТӨСӨЛД: Хүчирхийлэл, дарамтаас үүдэн гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй гэж үзвэл шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална-

Гэр бүлээ цуцлуулж буй иргэдэд шүүхээс эвлэрэх хугацааг олгодог. Харин үүнтэй холбоотой өөр нэгэн заалт орж ирж буй нь гэрлэгчид эвлэрэх боломжгүй, эсхүл гэрлэгчийн байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, учирсан нь тогтоогдсон, тодорхой хугацаанд хамтран амьдраагүй нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болохоор тусгажээ.

-Эцэг, эх нь шүүхээр орохдоо хүүхдийн тэтгэмжийн асуудлыг хөндөөгүй ч хүүхэдтэй л бол шүүх энэ асуудлыг заавал шийдвэрлэнэ-

Зарим хосууд гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандахдаа хүүхдийн тэтгэмж авах асуудлыг нэхэмжлэлдээ дурдахгүй байх тохиолдол байдаг аж. Үүнээс үүдэн шүүх гэр бүл цуцлуулсан ч хүүхдийн тэтгэмжийн асуудлыг нэхэмжлээгүй тул шийдвэрлэлгүй орхигдуулдаг байна. Иймээс шинэчилсэн найруулгын төсөлд эцэг, эхийн хэн нэг нь нэхэмжлэлдээ хүүхдийн тэтгэмжийн асуудлыг дурдаагүй байсан ч хүүхэдтэй тохиолдолд шүүх заавал шийдвэрлэхээр тусгажээ.

Тухайлбал, 2022 оны шүүхийн шийдвэрүүдээс түүвэрлэн, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргахдаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар давхар нэхэмжлээгүй 50 шүүхийн шийдвэрийг судалж үзэхэд, хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн 5 шүүхийн шийдвэр буюу 10 хувь, 45 шүүхийн шийдвэр буюу нийт шүүхийн шийдвэрийн 90 хувь нь хүүхдийн тэтгэлгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

-2014-2022 оны хооронд эцэг, эх нь хамтран амьдарч байх хугацаанд 22924 хүүхэд мэндэлжээ-

Дээрх тоо баримтаас үзэхэд манай улсад хамтран амьдрах хэлбэр түгээмэл гэж үзэж байна. Манай улсын хувьд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрх, үүргийг тодорхойлох цаашлаад эд хөрөнгө хуваах, хүүхэд асрамжлалын маргаан үүсэх тохиолдолд үүсэх үр дагаврыг зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүй байна.

-ХУУЛИЙН ТӨСӨЛД: Хамтран амьдрагчид харилцаагаа дуусгавар болговол хүүхэдтэй болсон эсэх, таваас доошгүй жил тогтмол хамт амьдарсан эсэхэд үндэслэн гэрлэлттэй адилтгах эсэхийг шийднэ-

Иймд хуулийн төсөлд Хамтран амьдрагч нар гэрлэлтээ дуусгавар болгож, шүүхээс эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх үедээ

хамтран амьдрагчдын гэрлэлтээ бүртгүүлэх зорилготой байсан эсэх, хэн нэг нь өөр хүнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан эсэх, таваас доошгүй жил тогтмол хамт амьдарсан эсэх, дундын эд хөрөнгө бий болгосон эсэх, хүүхэдтэй болсон эсэх, нэг хаяг оршин суух хаягийн бүртгэлтэй эсэх нөхцөл байдлыг харгалзан хамтын амьдралыг гэрлэлттэй адилтган тооцохоор тусгажээ.

Харин хамтын амьдрал дуусгавар болоход бие биеэ тэжээн тэтгэх, өв залгамжлах эрх, үүрэг үүсэхгүй байхаар хуулийн төсөлд зохицуулжээ.

-Хүүхдээсээ тусдаа амьдарч буй эцэг, эх хүүхэдтэй уулзах үүргээ удаа дараа хэрэгжүүлээгүй бол ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР шийтгэл оногдуулна-

2021 оны байдлаар гэр бүлийн орчноос байнга болон түр хугацаагаар тусгаарлагдаж асрамж, халамжийн газарт 1069 хүүхэд амьдарч байна. Үүний:

Энэ нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эцэг, эхийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зохицуулалт шаардлагатайг харуулж байна хэмээн үзжээ. Иймд хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн эрх, үүргийг нэмэгдүүлэх зорилгоор Зөрчлийн тухай хуульд хүүхдээс тусдаа амьдрах эцэг, эх хүүхэдтэй уулзах үүргээ удаа дараа хэрэгжүүлээгүй бол зөрчлийн шийтгэл оногдуулах зохицуулалтыг нэмж тусгажээ.

-2016-2021 оны хугацаанд эцэг, эх байх эрхийг хассан 81 шүүхийн шийдвэр гарчээ-

2016-2021 оны хугацаанд эцэг, эх байх эрхийг хассан 81 шүүхийн шийдвэр гарсан нь харьцангуй өндөр үзүүлэлт. Тус шүүхийн шийдвэрийн үр дүнд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл үүсэж байгаа бөгөөд эцэг, эх байх эрхийг хассан тохиолдолд түүнийг буцаан сэргээх, эрхийг нь тодорхой хугацаагаар хязгаарлах зэрэг оновчтой зохицуулалтууд хангалтгүй байна гэж үзжээ.

-ХУУЛИЙН ТӨСӨЛД: Хүүхдийг үл хайхарсан, дарамталсан нь тогтоогдсон тохиолдолд эцэг, эх байх эрхийг нь зургаан сар хүртэлх хугацаагаар хязгаарлана-

Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар хязгаарлах юм. Үүнд:

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д заасан эрсдэлт нөхцөлд оруулсан;

-Хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, орон байр, хувцас, хоол хүнс, бусад ахуйн хэрэглээний зүйлсээр санаатайгаар хангаагүй, гачигдуулсан;

-Хүүхдийн хөдөлмөрийг зүй бусаар ашигласан;

-Хүүхдийг үл хайхарсан, эсхүл дарамталсан.

Мөн эцэг, эх байх эрхийг хязгаарласан, хассан тохиолдолд эрхийг буцаан сэргээхдээ сургалтад заавал хамрагдсан байхаар тусгасан байна.

-Хүүхдийн тэтгэлгийн 60 гаруй хувь нь огт төлөгддөггүй бөгөөд үүнд ажилгүйдэл, ядуурал, иргэдийн төлбөрийн чадваргүй байдал зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна-

ШШГЕГ-ын мэдээллээс үзэхэд, 2022 онд 14885 хүүхдийн тэтгэмж төлүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Мөн хүүхдийн тэтгэлгийн 60 гаруй хувь нь огт төлөгддөггүй бөгөөд үүнд ажилгүйдэл, ядуурал, иргэдийн төлбөрийн чадваргүй байдал зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна. Үүнээс гадна тэтгэлгийн хэмжээ бага байгаагаас хүүхдийн наад захын хэрэгцээ хангагдахгүй байх, хоол тэжээлийн доройтолд орох зэргээр хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөн бойжих, сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа талаар хуулийн танилцуулгад дурджээ.

Манай улсын хувьд хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний хэмжээнээс тодорхой хувиар тооцон тэтгэлгийн хэмжээг тогтоож байна. Иргэд, олон нийтийн зүгээс хүүхдийн тэтгэлгийн хэмжээ хэт бага буюу хүүхдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байх, нөгөө талаас тэтгэмжийг орлоготой уялдуулахгүй байна гэсэн шүүмж гарч байгаа билээ.

-ХУУЛИЙН ТӨСӨЛД: Хүүхдийн тэтгэмж төлөх этгээд цалин хөлснөөс өөр орлогогүй бол хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын орлогын 50 хувиас хэтрэхгүй байна-

Хуулийн төсөлд тэтгэмжийн хэмжээг хэрхэн тогтоох талаар дараах байдлаар тусгажээ. Үүнд:

-Шүүх тэтгэлгийн хэмжээг сард нэгээс доошгүй удаа тэтгэлэг төлөгчийн эд хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ шаардлага зэрэг нөхцөл байдлыг харгалзан талуудын амьдралын чанарыг дордуулахгүйгээр тэтгэлэг тогтоох аргачлалын дагуу тогтооно.

-Цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй байна.

-Тэтгэлгийн хэмжээ тэтгэлэг авагчийн оршин сууж байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна.

Мөн хүүхдийн тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлж буй этгээд болон 14 насанд хүрсэн хүүхэд өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж болно

-Таван жилийн дотор 274 хүүхэд гадаадын иргэдэд үрчлэгджээ-

Үрчлэлтэй холбоотой харилцааг хэрхэн тусгасан талаар харья. Тоон мэдээллээс харахад, 2017 оноос 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд 7596 хүүхэд дотоодод үрчлүүлсэн бол Монгол Улсын харьяат нийт 274 хүүхэд гадаадын иргэдэд үрчлэгдсэн байна.

Харин хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцсон 2017-2021 оны шүүхийн шийдвэрүүдийг авч үзэхэд,

Хүүхэд үрчилснийг ямар үндэслэлээр шүүх хүчингүйд тооцсоныг тодруулахад, дийлэнх нь гадаад улсад ажиллаж сурч ирээд хүүхдээ өөр дээрээ буцааж авах болсон, эцэг, эх нь хүүхдээ өөрийн асрамжид авах болсон, үрчлэгч өндөр насанд хүрсэн, нас барсан зэрэг шалтгаан багтжээ.

Иймд хуулийн төсөлд хүүхэд үрчлэлтийн мэдээллийн сан хөтлөх, бүртгэх, хянах, үрчлүүлэх санал, дүгнэлт гаргах эрх бүхий дотоод, гадаад үрчлэлтийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл байгуулах, тус Зөвлөлийн саналыг үндэслэн үрчлүүлэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх шинэ зохицуулалтыг тусгажээ.

-2022 онд 367 иргэн гадаадын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлжээ-

1998-2016 оны хооронд Монгол Улсын 5970 иргэн гадаадын иргэдтэй гэр бүл болсон бол 1017 иргэн гэрлэлтээ цуцлуулсан байна. Тухайлбал, 2022 онд 367 иргэн гадаадын иргэнтэй Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн байна.

Гэр бүлийн асуудлаар явуулсан судалгаанд оролцогчдын 46.2 хувь нь даяаршсан нийгэмд гадаад хүнтэй гэрлэхийг байх л асуудал гэж үзэж байгаа нь цаашид гадаадын иргэнтэй гэрлэх гэрлэлтийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна.

Гэтэл практикт гадаадын иргэнтэй гэр бүл болох, гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг, хөрөнгийн маргааныг шийдвэрлэхэд олон улсын чиг хандлага, Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцид нийцсэн эрх зүйн оновчтой зохицуулалт хангалтгүй байна хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Иймд хуулийн төслөөр Монгол Улсын иргэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй гэрлэлт батлуулах, гадаад улсад гэрлэлт батлуулах, дуусгавар болгох, эдгээрийн эд хөрөнгө, эцэг, эх, хүүхдийн харилцаа, эцэг, эх тогтоох, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, гадаад улсын иргэнд хүүхэд үрчлүүлэх, тэдэнд тавих хяналт зэрэг асуудлыг дэлгэрүүлж, аль улсын эрх зүйн хэм хэмжээг сонгох хэрэглэх эсэхийг талууд өөрсдөө шийдвэрлэх боломжийг олгожээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Стандарт бус, хуванцар чарганаас болж хүүхдүүд хүндээр гэмтэх тохиолдол нэмэгдэж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Стандарт бус, хуванцар чарганаас болж хүүхдүүд хүндээр гэмтэх тохиолдол нэмэгдэж байна
 
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.