ЭМЯ-наас Ковид-19 цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Өчигдөр буюу наймдугаар сарын 1-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид нийтдээ 455 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 453 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин 2 хүний дөрөвдэх давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тэд бол Афганистанаас ирсэн цэрэг дайчид юм.
Бусад 453 шинжилгээг задалж хэлбэл, наймдугаар сарын 1-нд Сөүл-Уб-ын онгоцоор ирсэн 246 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, эмчилгээний дараах сувилалд тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ, Афганистанаас ирсэн 65 цэрэг, дайчдын шинжилгээ, Америк руу нисэх онгоцны багийн 16 хүний шинжилгээ, мөн Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээ, Замын-Үүдэд түр тусгаарлагдсан 60 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.
Мөн өчигдөр Сөүл-Уб-ын тусгай үүргийн онгоцоор ирсэн 260 хүнээс 1 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан гэлээ.