ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
"Өчигдөр буюу долдугаар сарын 31-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийтдээ 306 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй байна.
Үүнийг задалж хэлбэл, долдугаар сарын 30-нд Сөүл-Уб чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор санамсаргүй авсан 7 хүний сорьц, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн сорьц, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээг тус тус хийлээ.
Өнөөдөр бидэнд сайн мэдээ байна. Тодруулбал, өнөөдөр 5 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжиж байна. 63 настай хүн 39 хоног эмчлэгдээд гарч байна, 35 настай хүн 51 хоног эмчлэгдээд гарч байна, 22 настай эмэгтэй 18 хоног эмчлэгдсэн байна, 20 настай эмэгтэй 19 хоног эмчлэгдээд гарч байна. Ингээд 2 Орос, 3 Монгол хүн эмчлэгдээд дараагийн шат руу шилжлээ." гэсэн юм.