Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгон, стандартад нийцүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Мөн шийдэл хүлээсэн тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, Худалдан авах ажиллагааны жишиг бичиг баримт боловсруулах эрхийг МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхимд шилжүүлэх хуулийн төсөл явж байгааг онцоллоо.
Энэ үеэр “UBCab” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр “Нийтийн тээвэр, тэр дундаа такси үйлчилгээний салбарт Улаанбаатар хот бодлогогүй явж ирсэн. Би энэ салбарт 7-8 жил ажиллаж байна. Манайх 38 мянган жолоочтой. Өдөрт 50-60 жолооч нэмэгддэг. Такси үйлчилгээ бүртгэлтэй, нэгдсэн зохион байгуулалтад орох ёстой. Техник технологи хөгжихийн хэрээр нэг таксинд нэг хүн суугаад явахаас илүү хуваалцах хэрэгцээ нэмэгдэж, нэг хотхон, бүсэд амьдарч байгаа хүмүүс энэ үйлчилгээг хуваалцдаг болсон. Бид энэ хүрээнд Замын үйлчилгээний журам боловсруулж ЗТХЯ-д хүргүүлсэн” гэлээ.