Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хотын такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгон, стандартад нийцүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Мөн шийдэл хүлээсэн тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, Худалдан авах ажиллагааны жишиг бичиг баримт боловсруулах эрхийг МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхимд шилжүүлэх хуулийн төсөл явж байгааг онцолсон юм.
Энэ үеэр“Петровис” ХХК-ийн ерөнхий захирал О.Содбилэг “Бид түгжрэлийн судалгааг хийж үзэхэд хоногт давхардсан тоогоор 200 мянган машин тодорхой зорилгогүй явж, хотын түгжрэлд нөлөөлж байгаа дүн гарсан. Энэ нь халтууранд явж байгаа жолооч нар. Нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Үүнийг шийдэхээр ажиллаж байгааг сонслоо.
Түгжрэлийн шалтгаан, нөхцөлийг зөв тодорхойлох нь чухал. Бид судалгаагаа хуваалцахад бэлэн. Агаарын бохирдлын хувьд шатахууны чанарт анхаарах хэрэгтэй. Дэлхий нийтээр Евро-5 шатахуун руу шилжсэн. Дизель түлшний хүхрийн хэмжээ Евро-5 шатахуунтай харьцуулахад 500 дахин их байна. Шатахууны чанарт анхаарвал агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн” гэв.