Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Саруултөгс: Аавынхаа ажил явдалд оролцож чадалгүй ХАНЖОУ явсан учраас заавал медаль авч, нэрийг нь дуудуулж, баярлуулахыг хүссэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 36 секунд

“ХАНЖОУ-2022” Азийн зуны спортын IV пара наадмын хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд мөнгөн медаль хүртсэн Д.Саруултөгстэй ярилцлаа. Д.Саруултөгсийн хувьд 2019 оны Азийн дээд амжилтыг эзэмшигч бөгөөд 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртсэн билээ.

-“ХАНЖОУ-2022” Азийн наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртээд эх орондоо ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Сэтгэгдэл маш гоё байна. Алтан медаль авна гэсэн зорилго тээж явсан. Сүүлийн шатанд бүх хүч чадлаа гаргасан. Өрсөлдөгчид чанга байсан учраас медаль л авч байвал "өнгө" нь хамаагүй гэж бодогдсон. Гурав дахь шидэлтээрээ 20.79 метр шидээд нэгдүгээрт эрэмбэлэгдэж эхэлсэн. Харамсалтай нь гол өрсөлдөгч болох Арабын тамирчин нэг метр ахиулж шидээд би мөнгөн медаль хүртсэн. Гал гарсан өрсөлдөөн дундаас гарч ирсэн учраас мөнгөн медальдаа сэтгэл хангалуун байгаа.

-Явахын өмнөхөн аав нь бурхан болсон гэсэн. Сэтгэлзүйгээ хэрхэн яаж бэлдэв. Тийм зүйлийн дараа 100 хувь төвлөрч, амжилт гаргана гэдэг амар биш байсан болов уу?

-Сэтгэлзүй маш хүнд байсан. Тэмцээний өмнөх бэлтгэлд гарчихсан байхад ажил явдал гарсан. Ханжоу явахаа болиод ажил явдалд оролцох уу аль эсвэл сэтгэлзүйгээ цэгцэлж, тэмцээндээ явах уу гэсэн хүнд сонголттой нүүр тулсан. Эцэст нь тэмцээндээ оролцож, гаргасан амжилтаараа аавдаа бэлэг барихаар шийдсэн. Хэцүү хүнд бүхнийг даван туулаад мөнгөн медаль атгаж, тэнгэрт байгаа аавдаа зориулж байгаа гэдгээ Монгол түмэндээ хэлээд зогсож байсан мөч одоо ч санаанаас гарахгүй байна. Хамгийн гол нь Ханжоуд аавынхаа нэрийг дуудуулахыг хүссэн. Зорилго минь биелсэн нь миний хувьд хамгийн том амжилт байлаа.

-Анх спортоор хичээллэж эхэлсэн түүхээсээ хуваалцаач. Хэзээнээс энэ спортод дурлаж, хичээллэж эхэлсэн бэ?

-2014 санаандгүй байдлаар Парагийн улсын аваргад оролцсон. Бөөрөнцөг, зээрэнцэг мэдэхгүй. Хүмүүсийг хараад дагаад шидчихсэн чинь түрүүлчихсэн. Дараа нь 2015 онд Дархан-Уул аймагт болсон улсын аваргад оролцсон. Бас л бэлтгэл сургуулилт хийлгүйгээр оролцоод дахиад түрүүлсэн. Төд удалгүй Пара хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч, дасгалжуулагч, спортын мастер Б.Батдорж багш надтай уулзаад “Чи тамирчин бол. Чамд ирээдүй байна. Тийм боломж байна уу. Хэрэв чи хангалттай сайн байж чадвал амьдралд чинь асар том өөрчлөлт гарна” гэж хэлсэн. Дараа нь Архангай аймгийн Ц.Нэргүйбаатар дасгалжуулагч надтай холбогдож, “Тамирчин болох уу. Манай аймагт ирж бэлтгэл хийгээч” гэж санал тавьсан. Тэр цаг мөчөөс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна.

-Шигшээ багт хэзээ яаж оров?

-2018 онд тухайн үеийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Энхбаатар багш намайг “Хотод ирээд бэлтгэл сургуулилт хийх боломж байна уу” гэж санал тавьснаар би шигшээ багт орж байлаа. Өнөөг хүртэл Б.Энхбаатар багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Тамирчин болсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Маш их өөрчлөлт гарсан. Олон нийтийн харилцаа хандлага, тэсвэр, хатуужил гээд олон өөрчлөлтийг надад авч ирсэн. Миний хамгийн том давуу тал бол тууштай байдал. Эхлүүлсэн зүйлийнхээ эцсийг үзэж байж санаа амардаг. Бэлтгэл сургуулилтаа хийгээд байвал ямар нэгэн зүйлийн үзүүрээс атгачих гээд байгаа юм шиг санагддаг байсан учраас маш их хөдөлмөрлөсөн. Үүнийхээ үр шимийг ч хүртээд явж байгаа гэж боддог.

-Монгол Улсад Пара тамирчин байх амар биш болов уу. Шантрах, халшрах үе бий юу?

-Хааяа ядарна, шантарна, цуцна, зугтана. Гэхдээ энэ бүхнийг шүдээ зуугаад даваад гарчихаар тэвчээр хатуужилд суралцаж, жинхэнэ тамирчин болдог юм шиг санагддаг. Тиймээс эцсээ хүртэл явна гэж боддог.

-TOKYO 2020-д оролцох эрхээ авсан ч эрүүл мэндийн шалтгаанаар оролцож чадалгүй өнжсөн. Энэ үеийг эргээд дурсвал?

-Эрхээ аваад маш их баярласан. Бүр уйлсан. Бэлтгэл сургуулилтаа бүрэн хангаад Токиод очсон. Харамсалтай нь орж чадаагүй. Тухайн үед бүх амьдрал минь хав харанхуй болсон. Тамирчин хүний хувьд хамгийн том гарз байсан гэж хэлж болно. Одоо бодоход ч дотор харанхуйлаад маш их хэцүү байна. Тамирчны сэтгэл ийм зүйлийг мөнхөд хадгалчихдаг юм байна лээ.

-Дараагийн олимп ойртчихлоо. Эрхээ аваад амжилт гаргавал энэ шарх нь жаахан ч болов аних болов уу?

-Магадгүй юм. Эрх авахын төлөө бүх чадлаа дайчилж, хичээсэн. Яг энэ цаг мөчид миний хамгийн том мөрөөдөл Парисын олимп л байна даа.

-Тамирчин хүн амжилт гаргахад ар гэрийнхний дэмжлэг хамгийн чухал. Танай гэрийнхэн таныг хэр дэмждэг вэ?

-Манай гэрийнхэн намайг маш сайн дэмждэг. Өнөөдрийг хүртэлх бүх амжилтын минь ард тэд минь л байсан. Энэ завшааныг ашиглаад хайртай гэр бүлдээ баярлаж, талархсанаа илэрхийлье.

-Хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар нийгмээс өөрийгөө тусгаарлаж, өөрийгөө дутуу үнэлдэг хүмүүст хандаж та юуг хэлмээр байна. Бэрхшээлийг боломж гэж хараад хичээж чадвал амжилтад хүрч, ихийг бүтээж чадахыг та өөрөөрөө үлгэрлээд явж байна шүү дээ?

-Би тамирчин болохоосоо өмнө нийгмээс өөрийгөө тусгаарладаг төрлийн хүн байсан. Яагаад гэхээр гадуур явахаар хүүхдүүд шоглодог. Зөрж өнгөрөх хүмүүс цоо ширтэж, гайхаж алмайрдаг гээд маш олон асуудал надад тулгардаг байсан. Гадуурхах, муухай харах, чичлэх зэрэг олон бэршээлтэй нүүр тулдаг байлаа. Одоо бол өөр. Нэгдүгээрт би иймэрхүү зүйлд ач холбогдол өгч, айж эмээхээ больсон. Хоёрдугаарт, хүмүүс намайг мэддэг, таньдаг, хүндэлдэг болсон. Үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэхээр өөртөө итгэлтэй байж, нийгмийн харилцаанд айдасгүйгээр ордог байгаарай гэж хэлмээр байна. Гэртээ нуугдчихсан байгаа бол яг одоо гарч чаддаг зүйлээ харуулж, гайхуул. Чадахаараа гэрэлт, гялалз гэж л хэлмээр байна. Ингэж чадвал таны амьдрал өөрчлөгдөнө гэж хэлмээр байна.

Б.Жаргалмаа: Цэргийн алба хаагч нөхрөө дагаад хил дээр очиж байгаа гэр бүлийн хүнийх нь НДШ-ийг төрөөс төлөх боломж байна уу
Б.Жаргалмаа: Цэргийн алба хаагч нөхрөө дагаад хил дээр очиж байгаа гэр бүлийн хүнийх нь НДШ-ийг төрөөс төлөх боломж байна уу
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.