Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Уран аюултай юу, та ураны талаар юу мэдэх вэ

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 14 секунд

"УРАН АЮУЛТАЙ ЮУ. ТА УРАНЫ ТАЛААР ЮУ МЭДЭХ ВЭ"

Монголчууд өнөөдрийг хүртэл ураныг аюултай гэж ойлгодог. Энэ ойлголт ч олон шалтгаантай биз. Хамгийн энгийн шалтгаан нь бид өмнө нь уран олборлож үзээгүй тул анхан шатны ойлголт тун хомс. Урьд өмнө ашиглаж, хэрэглэж, бас олборлож үзээгүй шинэ зүйл бүхэн аюултай мэт санагддагийн нэг тод жишээ ч энэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч аравдугаар сард Бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийх үеэрээ Францын "Орано" групптэй уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэг байгуулах протоколд гарын үсэг зурсан. Тэр ч утгаараа дэлхийд ураны нөөцөөрөө томоохонд тооцогдох орд манай улсад илэрснийг энэхүү протокол батламжилдаг. Тэгвэл иргэдийн хамгийн ихээр айдаг "УРАН"-ы төв болох Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Зөөвч овоо” ураны уурхайн туршилтын цэгээс дараах сурвалжилгыг бэлтгэв.

1997 оноос эхлэн хайгуулын ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хэдийнээ 25 жилийн хугацаа өнгөрчээ. Хамгийн сүүлийн буюу яг одоогийн шатанд "Эрдэнэс Монгол" ХХК болон Францын "Орано" группийн хамтарсан "Бадрах Энержи" ХХК тус ордод туршилтаар уран олборлож буй аж.

Дорноговь аймаг, Улаанбадрах сум, "Зөөвч-Овоо" ураны орд

Ураны уурхай хэмээн бодох төдийд ухсан газар, уурхай руу чиглэх том оврын техник, энд тэндгүй сааралтах тоос шороо үзэгдэх мэт санагдаж байв. Гэвч биднийг олборлолтын талбайд очиход хэдхэн ширхэг цооногийг газар өрөмдөн суурилуулсан байсан бөгөөд түүнээс холгүйхэн үйлдвэр харагдана. Тэнд ямар нэг ухсан газар, сэндийчсэн талбай, бургиж босгох тоос шороо байсангүй.

ГАЗАР ДООР УУСГАН ОЛБОРЛОХ технологи нь байгаль болон хүн, малд ээлтэй

"Бадрах Энержи" ХХК нь нийт 49,375 га талбайд уран олборлох тусгай зөвшөөрөлтэй бөгөөд нийт бүртгэгдсэн нөөцийн хэмжээ 100,345 тонн аж. Уг ордоос уран олборлохдоо "ГАЗАР ДООР УУСГАН ОЛБОРЛОХ" технологи ашигладаг бөгөөд энэ нь бидний мэдэх ил уурхай буюу газар сэндийчиж, байгалийн баялгийг ил гаргаж авахаас өөр технологи юм. Өөрөөр хэлбэл, газрын гүнд буй хурдас чулуулагт агуулагдаж байгаа ураныг уусгахын тулд шахагч цооногоор уусгагч шингэнийг орд руу шахаж, ураныг өөртөө уусган, уусмалыг сорох цооногоор газрын гадарга руу соруулан авч, боловсруулах үйлдвэр рүү дамжуулан авдаг технологи юм.

Үүний дараа үйлдвэрт ураныг уусмалаас нь салгаж, цэвэршүүлж хатаагаад, борлуулах бүтээгдэхүүн болгон энгийн боловсруулах үйлдвэрийн адил савладаг байна. Харин үүний дараа урангүй болсон уусгагч шингэнийг орд руу буцаан шахах маягаар "БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР-ОЛБОРЛОЛТЫН ЦООНОГИЙН ТАЛБАЙ-БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР" гэсэн битүү эргэлтээр ураныг олбордлодог аж.

Өнөөдрийн байдлаар буюу 1,6 жилийн хугацаанд туршилт хийсэн бөгөөд 10,4 тонн уран гарган авчээ

Бид уурхайн олборлолтын талаар "Зөөвч овоо" үйлдвэрлэлийн туршилтын үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Гантулгаас тодруулахад,

"Газар доор уусган олборлох" технологи нь ил болон далд уурхайн аргатай харьцуулахад хүн болон маланд ямар нэг хо хөнөөл учруулах нь хамгийн бага. Яг одоогийн байдлаар 2,5 метрийн гүнтэй 6 шугам хоолой буюу цооног мөн 15 хяналтын цооног байгаа. Зөвхөн өрөмдөж гаргасан. Эдгээр цооногоор уран байгаа эрдэсжсэн бүсээс уусгалт явуулж туршилт хийж байна гэсэн үг. Хамгийн орчин үеийн ээлтэй технологи нь энэ юм. Мөн Казахстан улс энэ аргыг ашигладаг" хэмээв.

"Газар доор уусган олборлох" технологи нь сүүлийн 70 гаруй жил ашиглагдаж буй бөгөөд дан ганц уран гэлтгүй зэс, алт олборлоход ч мөн ашигладаг байна. Түүнчлэн иргэд "УРАН"-ны асуудлыг хөндөхөд хамгийн түрүүнд ЦАЦРАГ гэх бодол шууд тусдаг. Тэгвэл эл аргаар уран олборлоход цацрагийн идэвх хүний биед хэрхэн нөлөөлж талаар "Бадрах Энержи" компанийн Цацрагийн хамгаалалт, ХАБ хариуцсан супервайзер Б.Батманлайтай ярилцсан юм. Тэрбээр,

"ГДУО технологи нь ил болон далд уурхайгаас цацрагийн нөлөөлөл үзүүлэх байдал нь маш бага. Учир нь газрын гүнд олборлолт явж байгаа. Хэрэв цацрагийн нөлөөлөл байвал хамгийн ойр ажиллаж буй компанийн ажилчдад сөрөг нөлөө үзүүлэх ёстой. Мэдээж цацрагийг нүдээр харж, гараар барих боломжгүй учраас багажаар хэмжиж судалгааг гаргадаг. Хүмүүс энэ асуудалд эргэлзээтэй ханддаг учраас туршилтын үйл ажиллагааны талбайтай хамгийн ойр байрлах малчны гадна хяналтын багаж байрлуулсан. Үүнээс харахад үйл цацрагийн өөрчлөлт бүртгэгдээгүй" гэсэн юм.

Байгалийн ураныг АЛЬФА хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь гартаа барьж буй цаасыг ч нэвтлэх боломжгүй байдаг аж.

Мөн иргэд Улаанбадрах сумын малын асуудалд онцгойлон анхаарал хандуулдаг. Учир нь тус сумын мал ургийн болон генийн өөрчлөлттэй төрдөг гэлцдэг. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан "Бадрах Энержи" компанийн гүйцэтгэх захирал Марк Мелерад дараах тайлбарыг өгөв.

"Казахстан улс ГДУО технологийг ашиглан дэлхийн нийт ураны олборлолтын 40 гаруй хувийг бүрдүүлж байна. Миний хувьд тус улсад ажиллаж байсан. Олборлолт хийж буй уурхайд ажиллаж байсан бөгөөд тухайн бүс нутгийн ард иргэд нүүх шаардлагагүй бөгөөд мал аж ахуйгаа эрхлээд явах бүрэн боломжтой. Ямар нэг мал өвчилсөн тохиолдол байхгүй. Үүнээс харахад эл технологийг ашиглах нь аюул осол багатай гэдгийг харж болох юм.

Нөгөөтэйгүүр Улаанбадрах сумын малын эрүүл мэндийн талаар сөрөг мэдээлэл гардаг. Энэ суманд компанийн зүгээс анхаарал хандуулж, малын эрүүл мэндийн судалгааг 2014 оноос хойш хийж эхэлсэн. Хамгийн сүүлд 2023 онд малын эрүүл мэндийн үзүүлэлтийг судалсан. Мөн бусад сумдыг мөн хамруулсан байгаа. Энд ямар нэг малын эрүүл мэндийн асуудал хөндөгдөөгүй, мал эрүүл байна гэх дүгнэлт гарсан" хэмээв.

Монгол Улс 3,2 тэрбум ам.долларын ашиг хүртэх боломжтой

Уурхайн үйл ажиллагаа 2028 онд эхэлнэ гэсэн урьдчилсан төлөвтэй байгаа бөгөөд уран олборлолт 30 жил үргэлжлэх аж. Мөн Монгол Улсын Засгийн газар уран олборлолтыг дэмжиж гэрээг үзэглэвэл нийт 800 шууд ажлын байр тус суманд бий болох боломжтой. Мөн манай улсын эдийн засагт томоохон үр нөлөө үзүүлэх юм. Энэ тухай "Бадрах Энержи" ХХК-ийн Монгол дахь төрийн өмчит компани болох "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал С.Наранцогт дараах тайлбарыг хийв. Тодруулбал,

"Монгол Улсад үзүүлэх үр өгөөжийг тооцож үзэхэд магадгүй ураны үнэ өсвөл 90 хувиа эзэмшиж буй хувьцаа эзэмшигч давуу эрх эдэлнэ. Бид Монгол Улсад илүү үр ашигтай байхаар давуу эрхийн хувьцаагаараа санхүүгийн механизмаа бүрдүүлэх юм. Хэрэв энгийн 10 хувийн хувьцаа авбал ашиггүй байх магадлалтай юм.

Анх Ураны исэл 53 ам.доллар байх үеийн ТЭЗҮ-ээр нийт 2 тэрбум ам.долларын ашиг олно гэж байсан. Гэтэл энэ есдүгээр сарын дүнгээр 72 ам.доллар болчихсон. Цаашид дэлхийн зах зээлд эрэлт ихсэх хандлагатай байгаа учир үнэ нэмэгдэх магадлалтай. Мөн одоогоор 3,2 тэрбум ам.доллар орж ирэх тооцоо гарч ирж байгаа. Гэвч түүхий эдийн үнэ нэмэгдсэн тохиолдолд татвар ч дагаад нэмэгдэнэ. Одоогоор бидний байр суурь нь ямар ч нөхцөл байдал үүссэн Монголын талд ашигтай байх хувилбарыг баримтална гэж үзэж байгаа" гэсэн юм.

Мөн түүнчлэн Орано групп байгаль орчны нөхөн сэргээлтэд онцгойлон ач холбогдол өгнө гэдгээ илэрхийлж байсан юм. Тодруулбал уурхайн олборлолтын хугацаанд нийт 5 сая мод тарих төлөвлөгөөтэй бөгөөд мөн байгалийн аясаар нөхөн сэргээлт явагдана гэж үзэж буй аж. Түүнээс гадна уран олборлолт нь бидэнд аюултай мэт санагдаж буй авч нүүрснээс гадна дараагийн экспортын томоохон бүтээгдэхүүн болох ч боломжтой юм. Магадгүй ГДУО технологийг ил болон далд уурхайгаас ялгаагүй хэмээн ойлгож буй бол нь энэ нь олон улсад 70 гаруй жил ашиглагдаж буй байгаль орчинд ээлтэй технологи аж.

СУРВАЛЖИЛГА: Гуравхан хоногт явганаас бэртсэн 146 хүний дийлэнх нь настай хүмүүс. Унахдаа ихэвчлэн гараараа тулж унадаг учир гар хугарах гэмтлээр ГССҮТ-д их ирж байна
СУРВАЛЖИЛГА: Гуравхан хоногт явганаас бэртсэн 146 хүний дийлэнх нь настай хүмүүс. Унахдаа ихэвчлэн гараараа тулж унадаг учир гар хугарах гэмтлээр ГССҮТ-д их ирж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.