Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Гуравхан хоногт явганаас бэртсэн 146 хүний дийлэнх нь настай хүмүүс. Унахдаа ихэвчлэн гараараа тулж унадаг учир гар хугарах гэмтлээр ГССҮТ-д их ирж байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 42 секунд

Уртын харайлтын улирал дуусч, уран гулгалтын улирал эхэллээ. Нийслэлчүүд бид төлөвлөлтгүй хотынхоо балгаар зунд нь шавар, шалбайг туучиж, өвөл нь мөстөж, хөлдсөн зам дээр унаж, босон тэмтчиж өдөр хоногийг өнгөрүүлдэг. Товчхондоо, нийслэлийн иргэд жил бүрийн өвөл их хотынхоо гудамж талбайд цаг харгалзахгүй үнэгүй гулгадаг.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний цас өчигдрөөс эхлэн мөстөж, иргэд тайван алхаж чадахгүй, замын хажуу хашлагаас барьж арай ядан алхана. Ийм л дүр зургийг нийслэлийн гудамж талбайн өнцөг булан бүрээс харж болохоор байгаа. Олон жил үргэлжилсэн энэ үзэгдэл олон хүнийг хохироосоор ирсэн. Үүний улмаас иргэд явганаас бэртэж гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэдэн 10-аараа хандаж байна. Тодруулбал, энэ сарын 3-5-ны хооронд ГССҮТ болон салбар эмнэлэгт халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр гэмтэж бэртсэн 146 хүн хандаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Иргэд ихэвчлэн дээд, доод мөчийн хугарал, тархи толгойн гэмтлийн оноштойгоор гэмтлийн эмнэлэгт хандаж байгаа гэдгийг эмч нар онцолж байна.

ГССҮТ-Д ХАЛТИРГАА ГУЛГААНААС ҮҮДЭЛТЭЙГЭЭР ГЭМТЭЖ БЭРТСЭН 146 ХАНДАЖ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВСАН

Бид ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч А.Ерланаас нөхцөл байдлын талаар тодруулахад, "Өнгөрсөн амралтын өдрүүдэд цас ихээр орж халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор манай эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт гэмтэл, бэртэл авсан 146 хүн ирж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан. Тодруулж хэлбэл, төв эмнэлэг 121, салбарт эмнэлэгт 25 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан. Мөн осголт хөлдөлтийн хоёр тохиолдол ирсэн. Тусламж үйлчилгээ авсан 146 хүний 50-60 хувь нь халтирч унасан гэх өгүүлэмжтэйгээр ирсэн. Настай хүмүүс түлхүү байна. Унахдаа ихэвчлэн гараараа тулж унадаг учраас гар хугарах тохиолдол их. Үүнээс гадна хөлөө хугалсан болон тархины гэмтэлтэй хүмүүс ирдэг. Тиймээс халтирдаггүй зөөлөн ултай гутал сонгож, анхаарал болгоомжтой байх нь чухал байна" гэлээ.

Харин иргэдээс нийслэл хотын гудамж талбайгаар алхахад нөхцөл байдал ямар байгааг тодруулахад, "Маш их халтиргаатай байна. Унаж, бэртэхгүйн тулд маш болгоомжтой алхаж байна" гэх түгээмэл хариултыг өгсөн юм.

ИРГЭН Б:

-Халтирч унаж байгаа хүн олон байна. Одоогоор би унаагүй, маш болгоомжтой алхаж байгаа ч хаана очиж халтирахыг таашгүй шүү дээ. Хамгийн гол нь анхаарал болгоомжтой л байх хэрэгтэй.

ИРГЭН Ж:

-Алхахад айдастай байна. Зөвхөн автозам дээрээ давс цацдаг биш явган хүний зам дээрээ бас давс, бодисоо цацаж, байнга цэвэрлэдэг баймаар байна. Бид нар яах вэ. Арга учрыг нь олоод болгоомжтой алхаж болоод байна. Хүүхдүүд, хөгшид ийм замаар алхах хэцүү шүү дээ.

ИРГЭН С:

-Маш их халтиргаатай байна. Толь болчихсон ийм замаар алхана гэдэг хэцүү шүү дээ. Байгууллагууд ойр орчмоо цэвэрлэх ёстой юм байна лээ. Даанч нэг ч байгууллага цэвэрлэж харагдахгүй юм. Халтираад унаж байгаа хүнийг цонхоороо хараад шоолоод зогсож байгаатай ч таарлаа. Ийм байж болохгүй шүү дээ. Хэн ирээд цэвэрлээд өгнө гээд хүлээгээд сууж байдаг юм бол. Өөрсдөө л хөдлөх хэрэгтэй шүү дээ.

АЖ АХУЙ НЭГЖҮҮД ОЙР ОРЧМЫНХОО 50 МЕТР ГАЗРЫН ХАЛТИРГААГ ЦЭВЭРЛЭХ ЁСТОЙ Ч ЦЭВЭРЛЭХГҮЙ БАЙНА

Бухимдсан иргэн ийн сэтгэгдлээ хуваалцлаа. Уг нь машин тэрэг бус хүний хоёр "зээрд" хамгийн найдвартай унаа гэгддэг. Гэтэл өвлийн улиралд Гэмтэл согог судлалын үндэсний төвд явганаас бэртэж гэмтсэн гэж хандах хүний тоо эрс нэмэгддэг байна. Тиймээс ч нийслэлчүүд цас орох тоолонд хэзээ халтирч унан бэртэж гэмтэх бол хэмээн болгоомжлол, айдаст автдаг. Арга ч үгүй биз. Цас орсон даруйд нийслэлийн явган хүний зам, нийтийн эзэмшлийн гудамж талбай явахад бэрх аюултай зам болж хувирдаг. Өөрөөр хэлбэл, цасыг нь цэвэрлэх эзэнтэй атлаа эзгүйдчихээд буй хэрэг.

Орон сууцны хороолол болон гэр хорооллын замын цэвэрлэгээг тухайн дүүрэг болон СӨХ-үүд нь хариуцдаг. Харин аж ахуй нэгжүүд ойр орчмынхоо 50 метр газрын халтиргааг цэвэрлэх ёстой байдаг. Хэрэв эдгээр газрууд хариуцсан талбайгаа дор бүрнээ цэвэрлээд байвал халтиргаа гулгаа үүсэхгүй. Гэтэл өнөөдрийг хүртэл ойролцоох талбайгаа цэвэрлэсэн газар цөөхөн байна.

Гэмтлийн эмнэлгийн мэдээллээс харвал жилийн жилд зуу зуугаараа халтиргаа гулгаанаас болж гар хөлөө гэмтээдэг. Мэдээж эмчлэх зардал олон саяар тоологдоно.

Хохирогсдын 95 хувь нь ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшлийн талбайд халтирч гэмтэл авдаг. Энэ тохиолдолд тухайн байгууллага иргэнд учруулсан хохирлыг нөхөн олгох журам байдаг ч хохирлоо төлүүлсэн иргэн одоогоор байхгүй гэнэ.

Мөн байгууллагууд явган хүний замаа Хятадын дулаан бүсэд хэрэглэдэг гөлгөр хавтангаар хийдэг. Энэ нь цас орсон тохиолдолд ямар ч мөсөн гулгуураас дутуугүй халтиргаа үүсгэдэг. Цөөнгүй хүмүүс ийм замтай байгууллагын буруугаас болж гэмтэж байна. Тиймээс гэмтэж бэртсэн иргэд хохирлоо нэхэмжилдэг болцгоовол амьдралд ойрхон. Харамсалтай нь, Монголд тэр дундаа Улаанбаатар хотод л ганцхан цас орж хүндрэл учруулдаг мэт зовлон тоочсоор олон жилийг үдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас АН-ын бүлгийн мэдээлэлд хариу тайлбар өглөө
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас АН-ын бүлгийн мэдээлэлд хариу тайлбар өглөө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.