Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ынхан жагсаалтын бүтцээ гаргаж, нэрс нь урьдчилсан байдлаар дарга нарынх нь ширээн тодорч эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 2 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгуулийн хугацаа ойртож намууд дор бүрнээ бэлтгэлээ хангаж эхлээд байна. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь 2012 оных шиг холимог тогтолцоогоор явагдах юм. Үндсэн хуульдаа сонгуулийн холимог системийн оруулснаар намууд энэ өдрүүдэд нэр дэвшилтээсээ урьтаж намын жагсаалтын бүтэц, бүрэлдэхүүнээ ярилцаад эхэлжээ.

Ялангуяа эрх баригчид намын жагсаалтандаа багагүй анхаарч буй бөгөөд 2012 оных шиг мөнгөний, эсвэл харьцан улстөрчдийн хүслийн жагсаалт хийхгүй гэж буй гэнэ. Мөн намын дарга болон генсек тэргүүтэй удирдлагууд нь намын жагсаалтад өөрсдийн хүнээ түлхүү оруулж шинэ парламентад багаа бүрдүүлэхээр зэхэж буй нь ойлгомжтой. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар Ардын намд үргэлж давуу байдал олгодог сонгуулийн хуучин тогтолцоог өөрчлөх болсон гол шалтгаануудын нэг нь улс төрд өөрийн багаа бүрдүүлэх, 1980-аад оныхны эрх мэдлийг бэхжүүлэх явдал байсан билээ. Тиймээс тэд намын нэрийн жагсаалтыг онцгой анхаарах нь ойлгомжтой.

Мэдээж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга зэрэг томчууд өөрийн гэсэн квот намын жагсаалтад эзэмших нь тодорхой.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ынхан намын жагсаалтынхаа ерөнхий бүтцээ намын нарийн бичгийн дарга нар, зарим дэд сайдууд, малчин, эрдэмтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон зарим аймгийн удирдлагуудаас оруулахаар төлөвлөж буй аж.

Мөн инфлюнсерүүдээс оруулахаар ярилцаж, нэр хүнд сайтай шинэ хүмүүсийн эрэлд гарчээ.

Хамгийн сонирхолтой нь намын жагсаалтад УИХ-ын гишүүдээс бараг оруулахгүй бөгөөд сайдуудыг бол огт жагсаалтад оруулахгүй байх бодлого баримталж буй юм байна. Энэ талаар бид өмнө нь мэдээлсэн бөгөөд МАН-ын генсек Д.Амарбаясгалан ч "Сайдууд жагсаалтын ард нуугдалгүй манлайлал үзүүлэх хэрэгтэй" хэмээн баталгаажуулж байсан билээ.

Ийнхүү МАН-ын жагсаалтын бүтэц ерөнхийдөө гарч, жагсаалтад орох залуучууд эхнээсээ баталгаажаад эхэлсэн байна.

Тэгвэл жагсаалтыг гаднаас, шинэ хүмүүсээр бүрдүүлэх нь эрх баригчдад дараах хэд хэдэн ач холбогдолтой.

НЭГД, хэрвээ сонгуульд ялсан тохиолдолд жагсаалтад орсон хүмүүс сайд болохгүй. Сайд болно гэж амбицлах хэмжээнд хараахан очоогүй шинэ хүмүүс байх нь саарал орлны улс төрд ашигтай.

ХОЁРТ, УИХ-ын нэр хүнд унаад буй энэ цаг үед дандаа шинэ хүмүүс оруулж ирэх нь олон нийтэд тааламжтай харагдах өнцөг. Өөрөөр хэлбэл, парламентад шинэ хүмүүс оруулж ирэх нь илүү чухал юм.

ГУРАВТ, ийнхүү жагсаалтандаа шинэ хүмүүс оруулж ирэх нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын том дарга нарт илүү ашигтай. Учир нь парламент дотор өөрийн гэсэн хүмүүсээ оруулах, багаа бүрдүүлэх давуу талыг олгох болно. Мөн тэднийгээ барьж байх ач холбогдолтой билээ. Учир нь хэдийгээр МАН давуу байдалтай байх магадлал ч ирэх жилийн сонгуулийн дүн яаж ч гарч мэднэ. Холимог тогтолцооны нэг онцлог нь том намууд ойролцоо суудал авах хандлага ажиглагддаг. Тиймээс сонгуулийн дараах улс төр хамгийн чухал бөгөөд энэ улс төрд өөрийн гэсэн кноп маш чухал юм.

Ямартаа ч МАН-ынхан жагсаалтын ерөнхий бүтэц ямар байхаа тогтсон. Зарим хүмүүсийн нэр ч дарга нарынх нь ширээн дээр тодорхой болж эхэлжээ.

Г.Лхагвадорж

СУРВАЛЖИЛГА: Автомашины дугуйн хээ 1,6 мм буюу ойролцоогоор 2 мм-ээс бага болсон тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулдаггүй
СУРВАЛЖИЛГА: Автомашины дугуйн хээ 1,6 мм буюу ойролцоогоор 2 мм-ээс бага болсон тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулдаггүй
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.