Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашины дугаар олголтыг хязгаарлах бодлогыг хуулийн төсөлд тусгажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах 30 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өнөөдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Гааль болон Авто тээврийн үндэсний төвийн мэдээллээс үзвэл Улаанбаатар хотын авто замд нийслэлийн дугаартай, бүртгэлтэй 720,000 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд энэ тоо жилд дунджаар 47-50 мянгаар нэмэгдэж байгаа юм. Энэ хурдаар өсвөл дөрвөн жилийн дараа Улаанбаатар хот нэг сая автомашинтай болж, дэлхийд анти-статистикаараа тэргүүлэх магадлалтай. Өмнө нь нийслэлийн зүгээс түгжрэлийг бууруулах чиглэлээр авто замын сүлжээг өргөтгөн, гүүр барих бодлого барьж байв. Сүүлийн 10 жилийн хугацаанд хотын авто замын сүлжээ 30 орчим хувиар өргөжсөн байна. Гэтэл 325 мянга байсан тээврийн хэрэгслийн тоо өнөөдөр 720 мянгад хүрчээ. Тиймээс авто зам өргөтгөлөө гээд түгжрэлийг бууруулж чадахгүй гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй. Тус хуулийн төслийн хамгийн эхний зохицуулалт бол НИТХ-аас нийслэл Улаанбаатар хотод олгогдох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай юм. Бид хот дотор өдөрт дунджаар 2.8 сая удаа зорчилт хийдэг.

Өнөөдрийн байдлаар улаанбаатарчууд жилд 717 цаг буюу 31 хоногийг түгжрэлд зарцуулж байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 9 хувь буюу 3.8 их наяд төгрөгийг түгжрэлд үрж байгаа гэх харамсалтай судалгаа гарсан. Тиймээс түгжрэлийг сааруулж, бууруулах чиглэлээр захиргааны болон зохион байгуулалтын арга хэмжээ авч чадахгүй бол дээрх алдагдсан боломж улам өснө. Эхний ээлжид замбараагүй орж ирж буй импортын автомашины тоог дугаар олголтоор хязгаарлах зарчмыг барьж байна. Үүний тулд дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ тогтоох бөгөөд түгжрэл саарч, авто замын хүртээмж нэмэгдсэн тохиолдолд дугаарын дээд хязгаарлалтыг нэмэх уян хатан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Энэ хүрээнд автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлахгүй. Автомашины дугаар эзэмшигчид өөрсдийн автомашины дугаарыг бусдад шилжүүлэх, худалдаалах, барьцаалах боломжтой бөгөөд шинэ автомашин авах тохиолдолд эзэмшиж буй автомашинаа хөдөө орон нутагт худалдаалах, эсвэл устгуулах замаар бүртгэлээс хасалт хийлгээд дугаараа бусдад шилжүүлэх болон өөрөө шинэ автомашин авахдаа ашиглах эрх зүйн зохицуулалтыг хийж буй юм" гэлээ.

Х.Нямбаатар: Хамгийн их агаарын бохирдолтой 3 бүсэд байгаа их сургууль, төрийн байгууллагыг дэд төв рүү нүүлгэнэ
Х.Нямбаатар: Хамгийн их агаарын бохирдолтой 3 бүсэд байгаа их сургууль, төрийн байгууллагыг дэд төв рүү нүүлгэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.