Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Эх орноо орхисон тэд эргээд юутай ирдэг вэ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
18 минут 18 секунд

Монголоос явах, явахыг хүсэж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр л. Тэд янз бүрийн зорилготой л гадагшаа явж, хүний нутгийг зорьж байна. Ажиллах, суралцах, амьдрах, эмчлүүлэх, аялах. Энэ дундаас ажиллах, суралцах зорилготой нь илүү жин дарах байх. Сүүлийн жилүүдэд эх орноосоо “дүрвэж”, гадаад улсад амьдрах зорилготой хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн гэсэн албан бус судалгаа ч бий. Тэр дундаа энэ улсын уураг тархи байж болохуйц, өндөр боловсролтой, чадвартай залуучууд эх орноо орхиж гарсаар байна.

Хамгийн баталгаатай тоо баримтаас буюу 2020 оны Хүн амын ээлжит тооллогын дүнгээс харахад, 91168 хүн гадаадад оршин сууж байна. Албан ёсны тооллогын дүн л дээ. Тооллогын үед гадаадад оршин суугаа хүмүүсийн 35.8 хувь нь суралцахаар, 11.5 хувь нь суурьшихаар, 10 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, 18.5 хувь нь ажиллахаар, 13.1 хувь нь гэр бүлийн шалтгаанаар, 10 хувь нь бусад шалтгаанаар гадаад руу явж. Суурьших буюу гадаадад амьдрахаар явсан хүн 2020 онд 10 мянгыг давчихсан байсан гэсэн үг.

Тэгвэл энэ тоо сүүлийн гурван жилд нэлээд нэмэгдэж байгааг Статистикийн газрын 2023 оны есдүгээр сарын тоо мэдээнээс харж болно. Гадны улсад байнга оршин суухаар мэдүүлж, хилээр гарсан иргэдийн тоо энэ оны эхний есөн сарын байдлаар 3523 байж. Тэгвэл жуулчлах зорилгоор 16 мянган хүн хил нэвтэрч. Түүний 12.7 мянга нь онгоцны буудлаас ниссэн. Үндсэндээ энэ хүмүүсийн ихэнх нь Солонгос зэрэг оронд очиж, гурван сар ажиллах зорилготой гээд хэлчихэд байны гадуур буудсан болохгүй дээ. Тэд яагаад Монголоос явж байна, юу нөлөөлөв. Тэд Монголдоо эргэж ирэхийг хүсдэг үү. Ирвэл юу хийхийг, юуг өөрчлөхийг хүсэж байгааг хоёр хүнээр төлөөлүүлэн бага ч болов харуулахыг зорилоо.

2006 онд Солонгос орныг зорьж, зургаан жил ажиллаад ирсэн Л.Батболд. Герман улсад эмчийн мэргэжлээр суралцаж байгаа А.Хулан нар монголчууд юуны төлөө гадаад орныг зорьж буйн шалтгааны тод томруун төлөөлөл.

Л.Батболд: Гадаад явах боломж байвал яв, тэндээс хамгийн сайныг нь сураад Монголдоо ир

Одоогоос 17 жилийн өмнө, 2006 он. Монголын нийгэм тийм ч амар байсангүй. Улсын эдийн засаг тааруу, ажлын байр хомс. Арай дөнгүүр цалин өгдөг нь барилга. Яг л ийм хүндхэн гэж хэлж болохоор цаг үед монголчуудын гадагшаа, тэр дундаа Солонгос явах урсгал эрс ширүүссэн. Хөдөлмөрийн гэрээгээр залуучууд мянга мянгаараа л Солонгосын хойгийг зорьж байлаа. Бараг л шүдлүүлж байсан гэхэд болно. Энэ урсгал Л.Батболд ахыг ч тойроогүй. Амьдрал ахуйгаа дээшлүүлэх, ахиухан хэдэн төгрөгийн цалин авч, орох орон байр, унах унаа машинтай болох зорилготой гадагшаа явж.

“Ах нь Солонгост зургаан жил гаруй ажилласан. Гадаад оронд ажил хийж, амьдарна гэдэг тийм ч амар биш. Энэ нөхөр гадаад явж ажилласан, мөнгийг овойж оцойтол олж байгаа л боддог. Түүнээс биш яаж зовж, өвдөж, эх орноо, гэр бүлээ санаж байгааг ойлгох хүн тун цөөн. Гадаад явахаар л мөнгөө бүгдийг нь хураагаад байх боломж хэцүү. Ар гэр, ах дүүдээ явуулна. Тэнд нэг нь Их сургуулийн төлбөр гэхээр л тусална. Гадаад явж ажилласан хүмүүс нийтлэг тийм л байдаг байх. Миний хувьд зорьсон зорилгоо биелүүлж чадаагүй. Эхний гурван жилийн гэрээт хугацааныхаа ихэнх цалинг тараагаад л дууссан. Сүүлийн хэдэн жилийнхээ мөнгийг л чадахаараа хураасан” хэмээн ярих.

Тэр үед Солонгос улс хөдөлмөрийн гэрээний хугацааг гурав, гурван жилээр сунгадаг байж л даа. Нэг удаа гэрээгээ сунгуулаад, зургаан жил гаруй ажилласныхаа дараа нутаг буцахаар шийдэж. Харлаад үлдэх боломж байсан ч эх орондоо ирье. Дараа нь ном журмынх нь дагуу буцаж явъя гэсэн бодолтой л Монгол руугаа буцаж байж. Байн байн ирж, очоод байх боломж ч хомс. Эх орноо, ар гэрийнхний санах нь ч их байсан учраас нэг ирчихээд, буцъя гэж шийдэхгүй юу. Ингээд л зургаан жил хагасын дараа эх орондоо ирж. Зорилго буцаад Хөдөлмөрийн гэрээгээр Солонгос явах. Гэхдээ 2014 оны үед Монголын эдийн засаг хамаагүй дээр болж, ажил хөдөлмөр эрхэлж, бизнес эхлүүлэхэд арай дээр нөхцөл бүрдчихсэн байж. Тиймдээ ч буцаж явах бодлоо орхиж, Монголдоо худалдааны бизнес эрхлэхээр шийдсэн нь одоо амжилттай яваа. Эхлээд нэг дэлгүүр нээсэн, дараа нь өргөжүүлж, бөөний төвтэй ч болсон. Одоо хоёр дэлгүүртэй. Цаашид ч дэлгүүрээ өргөтгөж, томсгох зорилго өвөртлөнө ажиллаж байна.

Монголдоо хөдөлмөрлөж л чадвал боломж байна

“2006 оны үед бизнес эрхлэх талаар ямар ч бодол төрж байгаагүй. Нийгэм ч өөрөө амар биш байсан. Эхлэл хөрөнгө ч байхгүй, банкны зээл ч олдохгүй. Гадагшаа гарч байж л мөнгө олох юм байна гэсэн бодолтой л байлаа. Одоо энэ бодол маань өөрчлөгдсөн. Монголдоо хөдөлж, хөдөлмөрлөж чадвал юунд ч хүрэх боломж байна. 2010 оноос өмнөх үеийн хэцүү байдал өөрчлөгдсөн. Бүх боломж нь гараад ирчихсэн гэж хардаг. Гагцхүү өөрсдөө сэтгэж, хөдөлмөрлөх л хэрэгтэй байна” хэмээсэн нь боломж байгааг харсан, шүүрч авсан, зүтгэж буй хүний хэлэх үг.

“Гадаадад ажиллана гэдэг хүний эрхэнд, өвдөж зовох ч эрхгүй. Тийм амар биш. Үр хүүхэд, ар гэр, хань ижлээ санана. Үнэхээр эх орон минь хөгжөөд, боломж нь байсан бол гадагшаа явахгүй л байх байсан. Би 26, 27 настай л Солонгос явсан. 6, 7 жил болоод ирсэн. Хамаг сайхан залуу насаа хэдэн төгрөг олох гээд л Солонгост үрчихээд ирсэн байхгүй юу. Яг өнөөдрийнх шиг боломж байсан бол би хэзээ ч явахгүй байсан. Хайран цаг хугацаа. Хэдийгээр цалин хөлс өндөртэй байсан ч хань ижил, үр хүүхдээ орхиод явна гэдэг сайхан биш” гэж ярьсан. Монголд яг хөдөлмөрлөж, зөв ажлаа, бизнесээ олж хийвэл боломж байхгүй биш байгаа. Тиймээс залуучууд гэр бүл, үр хүүхэд, хань ижлээ орхиж гадагшаа явах гэж нэг их хүсээд хэрэггүй. Эцсийн эцэст гэр бүл, үр хүүхэд, хамтдаа байх амьдрал л үнэ цэнтэй. Сайхан амьдрах гэж яваад гэр бүл салалтаар дуусвал хэчнээн мөнгө олоод ч яах билээ гэдгийг залуучууд бодоосой хэмээн захиж хэлсэн.

Гадаад явахаар л бүх юм хэцүү, муу байна гэж үгүй. Тэнд цаг барьж, хууль, журам мөрдөж, ажлыг чин сэтгэлээсээ хийж сурдаг. Наанадаж л гудамжинд явахдаа шүлсээ хаяхгүй байхад суралцана. Хүнийхээ хувьд төлөвшдөг, соёлд суралцдаг нь давуу тал. Солонгост ажиллаж байхдаа цагийг маш сайн барьж сурсан. Одоо ч тэр дадал, төлөвшлөө гээгээгүй яваа аж.

“Залуучуудыг гадагшаа явж байгааг би буруутгадаггүй. Хэдийгээр одоо нийгэм өөрчлөгдсөн, боломж их байгаа ч гэсэн энд 10, 20 жил ажиллах уу. Эсвэл гадаадад 4, 5 жил ажиллаж амьдралаа босгох уу гэдэг сонголт одоо ч тулгарсаар л байна. Залуучууд гадагшаа яваад суралц, ажилла, хамаагүй. Гол нь гэр бүлтэй бол эхнэр, нөхөртэйгээ хамт явдаг баймаар байна. Бие холдохоор сэтгэл холддог гэдэг үнэн. Нэг нь гадаад руу ажиллах гээд явчихаар гэр бүл салалтад хүргэх тохиолдол их. Нөгөө талаар залуучууд гадагшаа яваад, тэндээс хамгийн сайныг нь сураад, бизнесийн санаа олоод, эхлэл хөрөнгөө босгоод эх орондоо эргээд ир. Бид л Монголдоо хөдөлмөрлөж, сайн сайхан нийгмийг цогцлоохын төлөө зүтгэж, тэмцэж, өөд нь татах ёстой. Түүнээс хаяж яваад, харь орноос сайхныг хайгаад бүтэн олдохгүй” гэж одоо гадагшаа явахаар зорьж буй залуучуудад захьсан.

А.Хулан: Германд хамгийн сайн боловсролыг эзэмшээд, Монголдоо очиж эмнэлэг нээнэ

Түүнийг Амартүвшингийн Хулан гэдэг. 2002 онд төрсөн, 21 настай, Монголын сэхээтэн залуусын төлөөлөл. Германд очоод гурван жил болсон. Дархан-Уул аймагт “Союз “ Орос-Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг төгсчээ. Орос хэлийг нэг, Герман хэлийг гуравдугаар ангиасаа сурсан. Нэмээд тавдугаар ангиасаа англи хэл сурсан гэж байгаа. Бага байхаасаа л гадаад орон руу явж, өндөр боловсролтой болох зорилготой байж. Тиймдээ ч Орос юм уу Герман руу явах төлөвлөгөөгөө багаасаа л гаргасан байна. Харин Германыг сонгосон шалтгаан нь анагаах ухаан талаасаа энэ улс дэлхийд тэргүүлдэг учраас тэр аж. Тиймдээ ч 12 дугаар ангиа төгсөөд л шууд Германыг зорьж, эмч болохоор зорин суралцаж эхэлжээ. Эхний гурван жилдээ Privates Berufsschulzentrum " Leonardo da Vinci " an der IWU дээд сургуулийг сувилагчийн мэргэжлээр суралцаад, төгссөн. Одоо “Uni Hannover” Их сургуульд мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах зорилготойгоор шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа. Энэ хугацаандаа сувилагчийн мэргэжлээр төгссөн Дээд сургуульдаа Герман хэлний багшаар ажиллаж, гадаадаас ирсэн оюутнуудад хичээл заадаг.

Герман улсад боломж ихтэйн дээрээс залуу хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг нь хамгийн том давуу тал байсан гэнэ. Яагаад ингэж ялгаатай харах болсон нь өөрийн гэсэн түүхтэй. А.Хулан багаасаа л гадаад хэл сурсан учраас дунд сургуульд байхдаа орчуулга хийж, өөрийнхөө чадах хэрээр л санхүүгийнхээ асуудлыг шийддэг байж. Гэтэл Монголд дарга нар залуусын хөдөлмөрийг үнэлдэггүй, хэлсэн тохирсондоо хүрдэггүй. Өдрийн 150 мянган төгрөгийн цалинтай орчуулга хийнэ гэж тохиролцчихоод, 40 мянгыг л өгч байсан тохиолдол ч гарчээ. Сурлага сайтай, нийгмийн идэвхтэй хүүхэд болгон л янз бүрийн уралдаан, тэмцээнд оролцдог. Гэтэл хүүхдүүдийн дунд болж буй уралдаанд хүртэл өнөөх “арын хаалга” нь онгойдог тохиолдол их. Тиймдээ ч шударга бус байдалтай хэзээ ч эвлэрэхгүй болж. Шударга ёсыг эрэлхийлдэг, залуусын хөдөлмөрийг зөвөөр үнэлдэг улсад очиж, өөрийгөө үнэлүүлье гэсэн зорилго ч давхар байсан аж. Тэр ирсэн зүйлээ Германаас олсон. Ажил хийсэн бол цалингаа яг тохирсон хэмжээндээ өгдгөөс авахуулаад. Дээрээс нь хичээлийнхээ хажуугаар ажиллах боломж ч ихтэй...

Дэлхийн хөгжлийг Монголдоо...

Дээр өгүүлсэн түүхийг бичихээр хүмүүс шударга бус байдлаас болоод л түүнийг гадаад орон руу явахыг хүсэж гэж зөрүү ойлгож магадгүй. Тэр бол олон жижиг шалтгааны л нэг. Харин түүнийг хамгийн том шалтгаан, зорилго нь дэлхийн боловсрол, хөгжлийг Монголдоо авчрах.

Тэрбээр “Монголд хүний дундаж наслалт бага. 60 гараад, 70 дөхөөд л...Би эмээ, өвөөгөө 50 гаруйхан настайд нь алдаж байсан. Үнэхээр харамсалтай. Германд амьдраад, дадлага хийж байхад 70, 80, 90, бүр 100 настай хүмүүс ч эрүүл саруул, сайхан амьдраад байна. Яагаад Монголд ийм байж болохгүй гэж. Германы анагаах ухааны хөгжлийг Монголдоо нэвтрүүлж болох юм биш үү гэдэг бодол, хүсэл, тэмүүлэл миний хамгийн том зорилго. Мэдлэг, чадвараа зузаатгаад, өөрийнхөө хэмжээд чадваржаад, хүчтэй болоод Монголдоо очино. Зорьсон зорилгоо биелүүлнэ, ажлаа эхлүүлнэ. Хөгширтлөө энд байна гэж би огт боддоггүй.

Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, эрдэмтэн, доктор хүмүүс Монголд очихоор ажилд орж чаддаггүй. Чадвараараа гологдоод байгаа юм биш. Танил талгүй болохоороо л ажилд орж чаддаггүй. Манай улсын эрх мэдэлтнүүд яагаад мэдлэг чадварт ач холбогдол өгөхгүй, залуу үеийнхээ санал, санаачилгыг дэмждэггүй юм бол бодогддог. Магадгүй үе үеэсээ болдог ч байж болох. Манай үеийнхний цаг ирэхэд энэ байдал өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг. Тиймдээ ч хэсэг хугацааны дараа Монголдоо очоод, өөрийн гэсэн эмнэлгээ нээнэ” хэмээн хүсэл мөрөөдлөө хуваалцлаа.

Тэд хүссэндээ биш, явах ёстой болохоор л гадаад явдаг

Аливаа бүхэн хоёр талтай. Гадагшаа сурахаар, ажиллахаар, амьдрахаар явсан хүн бүрт л хэцүү өдрүүд бий. Ирээдүйд Монголд эмнэлэг нээх хүсэлтэй энэ охин ч гэсэн “Гадаадад очихоор л бүх зүйл нь сайхан, гоё гэж ойлгочихож бас болохгүй. Би 18 хүрээд л гэрээсээ гарч, ганцаараа гадаадад ирсэн. Аав, ээжтэйгээ хамт байхгүй. Дүү нараа өсөж том болоход нь дэргэд нь байж чадахгүй байна.

Залуу хүн чинь найз нөхөдтэйгээ хааяа орж гарах, цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүсэлгүй л яахав. Гэвч энд тэгэх цаг бага шүү дээ. Хичээл ном, ажил, дадлага, шалгалт шүүлэг гээд биднээс хамаарах зүйл бий. Тэр бүхэнд хариуцлагатай хандахгүй бол болохгүй. Тэгээд ч бүх найзууд маань Монголд. Анх Германд ирээд сэтгэл санаа тогтворгүй байсан. Монгол оюутнуудтай хамт суралцахад ямар байх бол. Хүүхдийн хандлага, багш нар ямар байдаг бол гэдэг нь надад маш сонирхолтой санагддаг” хэмээн доторхоо уудалсан.

Нэг үеэ бодвол залуучуудын зорилго, хүсэл өөр болжээ. Тэд гадаадад сайхан амьдарна гэхээсээ илүүтэй Монголоо өөрчилнө, хөгжүүлнэ гэж хүсэж, мөрөөдөж, тэр чадварыг хилийн чанадаас “хайж” явна.

“Энд амьдарч байгаа 20-30 насны залуучууд Германы хамгийн ололттой, хөгжүүлсэн зүйлсийг Монголдоо аваачиж нэвтрүүлж, нутагшуулах юмсан л гэж ярьдаг. Би ч гэсэн эмнэлэгт дадлага хийж байхдаа хүмүүст ингэж үйлчлэх ёстой. Өвчтөнөө ингэж хүндэтгэж харилцах хэрэгтэй юм байна гэж бодсон. Энд байгаа ихэнх залуучууд Монголдоо очиж, хийж бүтээхийн, эх орноо цэцэглүүлэх хүсэлтэй байгаагаа байнга ярилцдаг юм. Тэд хүссэндээ гадаад руу яваад байгаа юм биш. Явах ёстой учраас л явдаг. Би ч тэдний нэг. Хэзээ нэгэн цагт би мөрөөдлөө биелүүлнэ, эмнэлгээ нээнэ. Яагаад заавал монголчууд гадаад явж эмчлүүлэх ёстой юм” хэмээсэн нь надаас, чамаас, биднээс асуусан асуулт гэлтэй. Эх орноо, энэ Монголоо гэж санаж, өмөлзөж яваа гэрэлт ирээдүй болсон залуусын хүсэл нь биелэх болтугай. Тэд Монголдоо сайн сайхан бүхнийг “үүрч” ирнэ...

М.Өлзийчимэг: Хүн амины хэрэг гарч, хаагдсан байрыг одоо 53 дугаар сургууль түрээслээд явж байна
М.Өлзийчимэг: Хүн амины хэрэг гарч, хаагдсан байрыг одоо 53 дугаар сургууль түрээслээд явж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.