Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг ихээр гарч буй нь хүн бүрийн санаа зовинох асуудлын нэг болоод байна. Үүнтэй холбоотойгоор энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр тусгаж, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өргөн барьсан. Тэгвэл хуульд ялын бодлогыг чангатгах чиглэлд ямар өөрчлөлтүүдийг тусгасан талаар дэлгэрэнгүй танилцья.
"Хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас өмнө суллахгүй, хорих ялын дээд хэмжээг нэмнэ-
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөгт өртүүлэх, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 байгааг 30 жил болгож нэмэгдүүлж, энэ төрлийн гэмт хэрэгт хуулиар өршөөл үзүүлэхгүй.
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөгт өртүүлэх, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн ялтныг хорих ялын хугацаанаас нь өмнө суллахгүй /гэмт хэрэгт үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй хүнд хамаарахгүй/
-Энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээг 20 жил байгааг 25 жил болгоно
"Бага насны хүүхдийг аюултай байдалд орхих, тусламж үзүүлээгүй бол 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 6 сараас 1 жилийн хорино"
Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн насны хязгаарыг 14 гэж заасан байдгийг нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр 16 болгож нэмэгдүүлэх агуулга тусгагдаад буй. Үүнтэй холбоотойгоор эрүүгийн хуулийн зарим гэмт хэргийн ялын санкц өөрчлөгдөх юм. Тодруулбал,
-Бага насны хүүхдийг алах гэмт хэрэг 8-15 жилийн хорих ялтай байгааг 12-25 жилийн хорих ял эсхүл бүх насаар нь хорих ялтай болгож өөрчилнө
-Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 5-15 жилийн хорих ялтай байгааг 12-25 жил эсхүл бүх насаар нь хорих ялтай болгож өөрчилнө
-Бага насны хүүхдийн бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ялтай байгаа бол хуулийн төслөөр 12-20 жил эсхүл бүх насаар хорих ялтай болж өөрчилнө
-Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт 1-5 жилийн хорих ялтай байгааг 2-8 жил болгож нэмэгдүүлэх
-Бага насны хүүхдийг аюултай байдалд орхих, тусламж үзүүлээгүй гэмт хэрэгт одоогийн хүчин төгөлдөх хуулиар 2,7-5,4 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жилийн хорих ялын санкцтай. Тэгвэл өргөн барьсан хуулийн төсөлд энэ төрлийн гэмт хэрэгт торгуулийн хэмжээг хэвээр үлдээж, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын хэмжээг нэмэгдүүлжээ. Тодруулбал, 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 6 сараас 1 жилийн хорих ялтай болгон өөрчилжээ.
-Хүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан гэмт хэрэгт 10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жилийн хорих ялтай байгааг хуулийн төсөлд 5-12 жилийн хорих ялтай болгон өөрчлөхөөр тусгасан
-Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санкцууд бий. Харин хуулийн төсөлд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялыг 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн энэ хугацаатай ижил хорих ялын бодлогыг төлөвлөжээ
-Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай. Харин өргөн барьсан хуулийн төсөлд 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1 сараас 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлахаар тусгажээ.