Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Хона: Уран бүтээл хийхдээ би амьдарч байгаагаа мэдэрч, дотор маань жижигхэн гал асдаг

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
17 минут 39 секунд

Нэг хэсэг шүлэг, яруу найргийг зохиолчид л сонирхдог хэмээх үзэл дэлгэрч байсан бол өнөө цагт уран зохиолыг тэр дундаа шүлэг яруу найргийг өөрсдийн мэдрэмжээр амилуулж, олон олон хүнд тайтгарал, тайвшрал мэдрүүлэхээр хичээдэг хүмүүс цөөнгүй байх болсон. Тэдний нэг бол жүжигчин Э.Хонгорзул буюу Хона юм. Тэгвэл энэ удаагийн UbnStory булангийнхаа зочноор түүнийг урьж, сүүлийн үеийн уран бүтээлийн талаар болон хүүхэд ахуй нас бас амьдралдаа баримталж явдаг алтан дүрмүүдийн талаар ярилцлаа.

-Ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Юун түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Э.Хонгорзул гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. Бас айлын эхнэр, ээж хүн байна.

-СУИС-ийг хэдэн онд төгссөн юм бэ?

-2016 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Гэхдээ төгссөнийхөө дараа хүүхдээ гаргаад, 3 нас хүртэл нь гэртээ хүүхдээ харж, өсгөсөн. Түүнээс хойш өөрийнхөө төгссөн мэргэжлээр ажиллаад явж байна.

-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгох болсон юм бол. Магадгүй хэн нэгэн таныг урлагт хөтлөв үү?

-Яг энэ мэргэжил рүү хөтөлсөн хүн гэвэл би ээжийгээ л гэж хэлэх байх. Миний хүүхэд нас Сүхбаатар аймагт өнгөрсөн. Тэгээд л ямар нэг тэмцээн уралдаанд оролцоход бас урлагийн үзлэгт ороход ээж маань дандаа миний хувцсыг оёж өгдөг байсан юм. Их уран хүн.

Ер нь л ээж, аав хоёр маань намайг тайзан дээр харах их дуртай байсан. Би бүр 13 настайдаа аймагтаа "Дуулмаар дуулмаар аав, ээж хоёр минь" гэдэг нэртэй тоглолт хийж байлаа. Тийм ч учраас би тайзан дээр гарах их дуртай байсан. Бас ээжийгээ баярлаж байгааг харах бүр ч их дуртай байсан даа.

Түүнээс гадна оюутан байхад ч гэсэн ээж маань миний бүх хувцсыг оёж өгдөг байсан. Одоо ч гэсэн ард маань байнга намайг дэмжиж байдаг. Бараг намайг ямар нэг уран бүтээлд тоглоход надаас ч илүү баярладаг хүн бол миний ээж. Магадгүй би өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагасан байж болох ч ээжийнхээ баярлахыг харсаар байгаад энэ мэргэжлийг сонгосон байх.

-Таны ээж оёдолчин юм уу. Та бас дуулдаг юм уу?

-Би ардын дууг их сайн дуулдаг. Ээж маань ч надаар ардын дуу дуулуулах дуртай. Ээж одоо хүртэл намайг миний охин дуулаач гээд л гуйгаад байдаг юм. Бараг утсаа урдаа тавьж байгаад л дуулчих юм шиг санадаг юм. Бас тун удахгүй дууны уран бүтээл хийхийг зорьж байгаа. Магадгүй нэг бичлэг гараад ирэхийг үгүйсгэхгүй юм.

Дээр нь ээж маань оёдолчин биш. Наддаа л оёдолчин. Бүр хамгийн гоё, хамгийн мундаг оёдолчин. Одоо ч гэсэн ээжийн маань авдар дотор миний багадаа өмсөж байсан дээл, хувцас бүгд байгаа.

-Магадгүй СУИС-д конкурс өгөөд, жүжигчин мэргэжлээр тэнцэхэд нь таны ээж хамгийн их баярласан байх?

-Тэгэлгүй яахав. Тэр өдөр их л бороотой өдөр байсан юм. Бас би эхний тавд жагсаж сургуульдаа тэнцэж байсан юм. Бүр бөөн баяртай хүн л аав, ээж хоёртоо хэлэх гээд гүйж байлаа.

-Таныг хүмүүс шүлэг уншдаг гэдгээр нь сайн таних байх. Магадгүй хүүхэд байхдаа л уран зохиолд дуртай байсан уу?

-Оюутан байхдаа тайзны яриандаа их сайн байсан. Нэгдүгээр курст байхдаа л ах, эгч нартайгаа өрсөлдөөд тэмцээнд ороод байр эзэлж байсан юм. Тэр үед л би өөрийгөө тайзны яриандаа сайн юм байна гэж бодоод төгсөх хүртлээ олон тэмцээнд орсон доо. Миний багш болон н.Нацагдоо багш маань ч намайг олон тэмцээнд сорьж байсан юм.

Тэгээд нэг л мэдэхэд сургуулиа төгссөн. Гэтэл тухайн үед ажлын байр ч хомос байлаа. Би ч тийм царайлаг биш, өндөр биш юу хийх ёстой юм бол гээд л боддог байлаа. Заримдаа кинонд тогловол яах бол, царай муутай, жижигхэн юм чинь яах бол гээд л өөрийгөө их голдог байсан. Гэхдээ одоо ингээд бодоход би өөрийгөө их голдог байсан юм байна. Хүн чадаж байгаа зүйлийнхээ араас сайн хичээж чадвал болох юм байна гэдгийг ойлгосон.

Гэхдээ төгссөнийхөө дараа би өөрийнхөө чаддаг зүйлийг хайж эхэлсэн. Гэтэл миний хамгийн сайн чаддаг зүйл бол зохиол унших байсан. Утсаа урдаа тавьж байгаад нэг бичлэг хийж үзсэн. Тэгтэл манай ангийн найзууд намайг дуудаад нэг зохиол унших хэрэгтэй байна гээд. Тэгээд очоод уншиж үзээд, зохиолынхоо задаргаан дээр нь ажиллаад цацаад үзтэл маргааш нь тэр бичлэг сэдэгдчихсэн юм. Харин одоо түүнээс хойш маш олон хүн шүлэг, уран зохиолд дуртай болчихсон байна. Жаахан дүү нар маань хүртэл уран зохиолд шимтдэг болсон байна. Утсаа урдаа тавьж байгаад л шүлэг уншидаг, өөр өвөрмөц арга барилыг шингээдэг болсон байна. Энэ бүгдийг хараад маш их баярлаж байгаа.

-Таны өөрийн зохиосон шүлэг бий юу. Ер нь шүлэг бичдэг үү?

-Миний зохиосон шүлгүүд миний пэйж хуудсан дээр бий л дээ. Гэхдээ би өөрийнхөө шүлгүүд дээр нэрээ бичдэггүй юм. Яагаад гэвэл би мэргэжлийн хүн биш. Зүгээр сонирхогч болохоор өөрийнхөө дотор байгаа мэдрэмжийг л ил гаргасан байдаг юм. Бас би залуу дүү нартаа шүлэг уран зохиол гэдэг зүйлийг бүр илүү таниулахыг дурлуулахыг хүсдэг.

Бас дээр нь хүмүүс шүлгийг маань сонсоод маш их зүйл надаас асуудаг л даа. Магадгүй шүлэг сонссон мэдрэмжээ шууд илэрхийлж байгаа нь тэр байх. Тэр болгонд нь аль болох өөрийнхөө үзэж туулсан мэдрэмжээр хариулахыг хичээдэг.

-Уянга, Тэгшээ, Хона гэх 3 бүсгүй уран зохиолын хамтрал үүсгээд хэсэг хугацаа өнгөрсөн шүү дээ. Бас "Хамтдаа уншицгаая" контент яагаад завсардчихав?

-Бүх зүйл цаг хугацаатай байгаа. Бид 3-ын хувьд "Сонсох үдэш" гэх эвентийг хийж, олон хүмүүст уран зохиол тэр дундаа яруу найргийн сайхныг мэдрүүлсэн. Мөн "Хамтдаа уншицгаая" контент маань цаг хугацааны байдлаар дууссан байгаа. Одоогоор Уянгаа маань контентоо үргэлжлүүлээд явж байна.

Хүмүүс ер нь энэ талаар их асууж байна лээ. Энэ 3 яасан юм бол гээд л их гайхцгааж байна лээ. Үүнд бас хариу авахыг хүссэн хүмүүс ч их байгаа байх. Ер нь бүх зүйл цаг хугацаатай байдаг учраас ярьсан хугацаандаа, төлөвлөгөөнийхөө дагуу бүх зүйл маань яваад дууссан байгаа. Одоо бол бид 3 хувь хувийнхаа уран бүтээлд анхаараад бие биедээ амжилт хүсээд явж байна.

-Саяхан та "Хүлцэхгүй" гэж олон ангит кинонд тоглосон шүү дээ. Тэр дундаа таны анхны гол дүрээ бүтээсэн гэсэн?

-Тийм шүү. н.Отгонсүрэн найруулагч маань надад итгээд гол дүр өгсөнд би маш их баяртай байгаа. Түүнээс гадна энэ киноны маань гол зорилго бол бидний нүдэнд үл харагдах гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл ямар их хор уршигтай зүйл вэ, түүнээс яаж гарч өөрийгөө хамгаалах ёстой вэ, хамтарсан баг гэж юу вэ гэдгийг олон хүн мэдээсэй гэж хүссэн. Миний хувьд энэ кинонд тоглосноор маш олон зүйлийг олж авсан. Хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрч болохгүй юм байна. Үүнийг хүчирхийлэл гэж боддоггүй байсан гэтэл хүчирхийлэл юм байна шүү дээ гээд энэ бүгдийг ойлгож авсан.

Нийгэмд маш олон төрлийн хүчирхийлэл байдаг юм билээ. Тэр болгоныг мэдэж, өөрийгөө хүчирхийллээс хэрхэн тусгаарлах вэ, хэрхэн зөв арга замыг олж, даван туулах вэ гэдгийг энэ киноноос харах боломжтой.

-Таны дүрийг цагдаа юм байна гэж бодоод байсан юм. Гэтэл сэтгэлзүйч байсан. Магадгүй манай нийгэм өөрөө их стресс бухимдалтай байгаа болоод ч тэр үү нийгэм тэр аяараа сэтгэлзүйчээр дутаад байгаа юм шиг санагдсан л даа?

-"Хамтарсан баг"-т сэтгэлзүйч гэх хүн шинээр нэмэгдэж орж ирсэн юм билээ. Гэтэл хүмүүс сэтгэлзүйчийг нөгөө л нэг гадаадын кинон дээр гардаг шигээр л хүлээж авдаг юм шиг санагдсан. Угтаа бол энэ нийгэм тэр аяараа сэтгэлзүйчээр дутаж, сэтгэлзүйч хэрэгтэй болсон байна. Энэ нь ч бидний өдөр тутмын амьдралаас харагдаж байгаа. Тэгэхээр хороо болгонд сэтгэлзүйч гэх хүн бий. Магадгүй үүнийг мэдэх хүн тун цөөн байгаа байх гэж бодоод хамтарсан багийн тэр дундаа хорооны сэтгэлзүйчийн онцлогийг харуулахыг зорьсон.

-Кино хэдий уран сайхны аргаар бий болдог ч үйл явдлуудын хувьд бодит амьдралаас сэдэвлэсэн үү?

-Мэдээж тэгэлгүй яахав. 10 кейс 10-лаа бодит явдал. Киноны баг хамт олон гэж маш чухал юм байна гэдгийг би их ойлгосон. Магадгүй миний анхны гол дүр учраас ч тэр үү сурах зүйл их байлаа. Мөн олон ангит кино учраас надад мэдэхгүй зүйлүүд их байсан. Тэр болгон дээр кино багийнхан маань надад их зүйлийг зааж өгч сургасан. Бас надад маш их хайртай байсан.

-Уран бүтээлчдийн хувьд урлагийн карьер гэж байдаг шүү дээ. Тэгвэл таны карьерын оргил цэг хэзээ байв. Яг одоо өрнөж байна уу?

-Би яг одоо маш гоё зүйлсийг мэдэрч байна. Миний шүлгүүдийг шимтэн сонсдог хүмүүс олон болсон байна, урмын үг харамгүй хайрладаг болсон байна. Саяхан "Хүлцэхгүй" киноныхоо гол дүрийг авсан гээд л маш гоё үйл явдал тэр дундаа уран бүтээлийн хувьд олз арвин байгаа үе бол яг одоо байна.

-Уран бүтээлийнх нь тухай яриагаа энд хүрээд түр орхъё. Ер нь та хувь хүн талаасаа ямар хүн бэ ?

-Хүмүүст би яаж харагддаг гэдгээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ би сахилгагүй, эрх, дураараа хүн. Ер нь л миний дотор эрх, сахилгагүй хүн байгаад байдаг юм. Яахав хүмүүсийн хажууд энэ зангаа нэг их гаргаад байдаггүй ч гэсэн хааяа хааяа гарчихаад байдаг юм.

-Эмэгтэйчүүд ихэвчлэн нөхөртөө эрхлээд байдаг шүү дээ. Хүүтэйгээ барьцаад байдаг юм биш биз?

-Мэдээж нөхөртөө эрхлэлгүй яахав. Гэхдээ хүүтэйгээ барьцаад байдаггүй юм. Бас би ээж болсон сэтгэгдлээ хуваалцмаар байна. Хүн энэ орчлонд маш олон сайхан зүйлийг мэдрэх байх л даа. Гэхдээ ээж болох тэр мэдрэмж бол хамгийн гоё мэдрэмж. Юутай ч зүйрлэшгүй.

Хүүгээ төрүүлснийхээ дараа би "Ээж болох мэдрэмж ийм байдаг юм уу. Ээж маань ч бас намайг төрүүлэхдээ ийм мэдрэмж авсан байхдаа" гээд бодож байлаа. Одоо миний хүү 5 нас хүрч байна. Яг ингээд ярихад хүртэл миний шар үс босож байна. Хүүгээ гэхээр л цаанаасаа хайр хүрээд байдаг юм.

-Та ямар зан чанарыг хамгийн их чухалчилдаг вэ. Эсхүл таныг тухгүй болгодог зүйл гэвэл юуг хэлэх үү?

-Би тайван байхыг илүүд үздэг. Тэр ч утгаараа би хүнд гай болохгүйхэн шиг амьдрахыг хичээдэг. Ямар ч харилцаанд надаас болж буруу зүйл рүү эргэж болохгүй. Найзын харилцаанд ч тэр, хайр дурлалын харилцаанд ч тэр, ээж, аавын харилцаанд ч тэр бүх зүйлд хариуцлагатай байхыг илүүд үздэг.

Тиймээс надад хариуцлагагүй хүн үнэхээр таалагддаггүй. Тийм хүнтэй цаашаа хамт явахад ч хэцүү санагддаг. Тайван бус байдал намайг их тайвгүйтүүлдэг. Тиймээс хаана л тайван байна тэр зүг рүү илүү татагддаг. Харамсалтай нь энэ нийгэмд тайван байгаад байх боломжгүй болсон байна шүү дээ. Бараг л өрсөлдөөн дунд амьдарч байна.

Ер нь энэ нийгэмд байгаа бүх хүмүүсийг ямар хүн бэ, ямар зан араншинтай хүмүүс вэ гэдгийг том болох тусам анзаарч мэдэрч байна. Тэр ч утгаараа энэ нийгэмд ээж, аавынхаа өвлүүлсэн хүмүүжлээр давж туулахыг хичээж байна даа.

-Тэгвэл хүүхэд байхаасаа хойш өнөөдрийг хүртэл алдаагүй байгаа, баримталж явдаг зүйл тань юу вэ. Ялангуяа хувь хүний хувьд?

-Би ер нь хор шар их багатай юм уу. Аливаад шунадаггүй. Гэтэл өнөөгийн нийгэмд нэг цэгт хүрэхийн тулд хажууд байгаа хүмүүсээ өшиглөдөг, юуг ч хамаагүй хийдэг хүмүүс олон болсон байна шүү дээ. Тэр бол миний хувьд байж болохгүй зүйл гэж боддог. Яаж ч удаан явсан бай үнэнээр л тэр цэгтээ очих байх. Тийм ч учраас аль болох үнэнээр явж, хүнд гай болохгүйг л хичээдэг. Аав маань ч үүнийг байнга хэлдэг юм.

-Та юунаас хамгийн их аз жаргал мэдэрдэг вэ?

-Амьдралаас маш олон зүйлээс өөр өөр аз жаргал мэдэрдэг. Гэр бүлээсээ, аав ээжээсээ, хүүхдээсээ гээд өөр өөр аз жаргал мэдэрдэг. Гэхдээ миний дотор жижигхэн гал асаадаг зүйл бол уран бүтээл маань.

Би уран бүтээл хийхээрээ л амьдарч байгаагаа мэдэрдэг, дотор байгаа гал маань асдаг. Энэ л миний хамгийн гоё гал юм даа.

-Хамгийн сүүлийн асуултын танд үлдээе?

-Миний пэйжийг дагадаг хүмүүс сайн мэдэх байх л даа. Би аль болох эерэг зүйл хийхийг хүсдэг, гэрэл гэгээтэй уран бүтээл гаргахыг зорьдог. Бас миний зохиолыг сонссон хүмүүс ч гэсэн тайвшрал мэдэрдэг байх гэж бодож байна. Тийм ч учраас хөөрхөн дүү нарыгаа уран зохиолд дурлаж, шимтээсэй гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Бид видео ярилцлагыг хүргэхээр ажиллаж байна...

Ардчилсан нам “Өрийн дарамтгүй Монгол“ үндэсний хэлэлцүүлгийг БГД-т зохион байгуулж дууслаа
Ардчилсан нам “Өрийн дарамтгүй Монгол“ үндэсний хэлэлцүүлгийг БГД-т зохион байгуулж дууслаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.