Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Цагаан таягтнууд цаасан уутнаас эхлээд ариун цэврийн цаас үйлдвэрлэж, Монголчуудынхаа хэрэглээг хангаж байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 58 секунд

"Таны худалдан авалт бүр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажлын байр бий болгоно" хэмээх өгүүлбэр "Мазаалай" ариун цэврийн цаасны баглаа, боодол дээр харагдана. Энэхүү ариун цэврийн цаасыг монголд үйлдвэрлэдэг гэдгийг мэдэх ч яг ямар хүмүүс үйлдвэрлэдэг вэ гэдгийг мэдэх хүн тун цөөн. Тэгвэл "Мазаалай" 00 цаас эхлэхээсээ дуусах хүртлээ харааны бэрхшээлтэй хүмүүсийн гараар бүтэж, хэрэглэгчдийн гарт хүрдэг байна.

Жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг "Цагаан таягтны өдөр" болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Эл өдөр нь хараагүй болон сул хараатай хүмүүсийг бие даан амьдрахад нь чухал хэрэгсэл болох цагаан таягны ач холбогдлыг таниулах өдөр бөгөөд манай улсад 12.696 цагаан таягтан бий. Тэгвэл Ubn.mn сайт энэ удаагийн сурвалжилгаа Монголын хөдөлмөрч цагаан таятнуудаа алдаршуулахаар "Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, хөгжлийн төв"-өөс бэлтгэн хүргэж байна.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг

Уншигч та бүхэн өмнө нь "Мазаалай" хэмээх ариун цэврийн цаасыг харж байсан уу. Тэгвэл тус ариун цэврийн цаасыг энэ төвийн ажилчид тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэд эхлэхээс нь дуусах хүртэлх шат дамжлагад гар бие оролцож, сав баглаа боодлыг нь ч мөн өөрсдийн гараар хийдэг байна.

Биднийг тус төвж очиж, үйлдвэр, цехүүдтэй танилцахад харааны бэрхшээлтэй иргэд маань хэдийнээ өөрсдийн оноосон ажлыг хийж байсан бөгөөд бид энэ үеэр үйлдвэрт 20 жил ажиллаж буй Жижиг эдлэлийн цехийн ажилтан В.Ариунсүхтэй ярилцсан юм. Тэрбээр,

Өдөрт нэг ажилтан 300 гаруй ариун цэврийн цаас боодог

"Би 2003 оны 12 дугаар сард анх энэхүү төвд ирж, нэг сарын хугацаанд сургалтад хамрагдаад жинхлэгдэж байсан юм. Өдгөө 20 гаруй жил ажиллаж байна. Түүнээс гадна бид өдөрт ойролцоогоор 300 гаруй ариун цэврийн цаасыг боож багладаг. Нэг ширхэгтэй болон 4, 8 ширхэгтэй багцаар нь ч мөн боодог. Анх сурахад хэцүү ч гарт ороод хэвшихээрээ амархан боогддог юм" хэмээлээ.

Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, хөгжлийн төвд нийт 80 гаруй хүн ажилладаг бөгөөд үүний 80 орчим хувь нь харааны бэрхшээлтэй иргэд байдаг байна. Тэр ч утгаараа энэ төв нь хамгийн олон харааны бэрхшээлтэй иргэд ажилладаг гэдгээрээ онцлогтой.

Бид тус төвийн үйл ажиллагааны талаар З.Болдсайхан даргатай ярилцахад,

Харааны бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нь ажлын байр бий болгож буй үйлдэл

"Манай төв нь 60 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Нийт 80 гаруй ажилтантай бөгөөд тэдний 20 гаруй хувь нь захиргааны ажилтан бол үлдсэн 80 гаруй хувь нь харааны бэрхшээлтэй иргэд байдаг. Түүнээс гадна манай төв хараагүй иргэдэд тохирсон ажлын байрыг бий болгож, нэгдсэн зохион байгуулалттай хөдөлмөр эрхлүүлдэг. Мөн жижиг эдлэл, мужаан, оёдол, сав баглаа боодол, ариун цэврийн цаас үйлдвэрлэх цехтэйгээс гадна монгол гэр, эсгий эдлэл, ажлын хувцас, бээлий зэрэг оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Мөн соёл урлагийн үйлчилгээ үзүүлдэг.

Түүнээс гадна манай төвийн үйлдвэр, цехээс гарч буй бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авч, бидэнтэй хамтран ажиллавал тухайн хувь хүн, албан байгууллагын татвараас хөнгөлөх боломжтой байдаг. Үүнийг хуулиар зохицуулж өгсөн байдгаараа онцлог. Мөн таны худалдан авсан бараа бүтээгдэхүүн хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтэд сайнаар нөлөөлж, ажлын байр бий болгоно" хэмээсэн юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 144.4. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг гэрээгээр байнга худалдан авах зэргээр тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг энэ хуулийн 144.3-т заасан төлбөрөөс чөлөөлж, эсхүл хөнгөлж болно” гэж заасан байдаг.

Дээрх хуулийн заалтаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан тохиолдолд төлбөрөөс чөлөөлөх эсхүл хөнгөлөлт эдлэх боломж бий болно гэсэн үг юм.

Бидний дараагийн зочилсон цех бол Цаас, сав, баглаа боодлын цех байв.

Энэхүү цехэд сав баглаа боодол болон бичиг хэргийн дугтуй, цаасан уутыг хийж хэрэглэгчдэд хүлээлгэн өгдөг аж. Энэ үеэр цехийн ажилтан Ц.Энхжаргал бидэнд дараах зүйлийг ярилаа. Тэрбээр,

Цаасан дугтуй, сав боодлыг нугалж сурахад их хэцүү, буруу зөрүү нугалах тохиолдол гардаг

"Манай цехийн хувьд үндсэн 25 ажилтантай. Төрийн болон бусад албан байгууллагууд мөн ААН-үүдийн дугтуйг хийдэг. А4, А5 хэмжээтэй гардаг. Энэхүү дугтуйг бүтэн харааны бэрхшээлтэй хүмүүс нугалж, сул харааны бэрхшээлтэй хүмүүс нь наадаг юм. Гэхдээ цаасан дугтуй болон сав, баглаа боодлыг нугалж сурахад ихээхэн хүндрэлтэй байдаг. Буруу, зөрүү нугалах тохиолдол ч гардаг. Харин гарт ороод дадчихвал их амархан. Бас харааны бэрхшээлтэй иргэд маань манай сургалтын төвд ирж нэг сарын сургалтад хамрагдаад энд буй бүхий л ажлыг хийж сурдаг. Ингээд байнгын ажлын байран дээр гарах боломжтой байдаг" хэмээсэн юм.

Түүнээс гадна сүүлийн жилүүдэд бүх албан бичиг цахимжих төлөвтэй байгаа бөгөөд хэрэв цахимжвал эдгээр хүмүүс ажлын байргүй болох эрсдэл бодитоор бий болох аж. Түүгээр ч үл барав худалдан авалт эрс багасаж байгааг үйлдвэрийн ажилчид бидэнд онцолж байлаа.

Дээр дурдсанчлан тус төв нь харааны бэрхшээлтэй иргэдийг байнгын ажлын байраар хангахын тулд хараагүй иргэдэд нэг сарын сургалт явуулдаг байна. Уг сургалт нь харааны бэрхшээлтэй иргэдэд тохирсон ажлуудыг сургахаас гадна цалинтай, орлоготой болгох гол зорилгыг агуулдаг гэнэ. Хамгийн чухал нь энэхүү сургалтаар ажлын байрны чиг баримжааг эзэмшихээс гадна, цехд буй бүх ажлыг сурдгаараа онцлогтой аж.

Бид сургалын төвөөр зочлоход 10 гаруй харааны бэрхшээлтэй оюутан мяндсан шүүр хийж сурч байсан юм. Багш нар ч мөн адил харааны бэрхшээлтэй бөгөөд сургалтын менежер О.Өлзийтогтохтой хэсэг ярилцахад,

Оюутнууд маань сургалтад хамрагдаад байнгын ажлын байртай болох боломжтой

"Би ч мөн өмнө нь ахмад ажилчдаараа хичээл заалгаж, энэ төвд ажиллаж эхэлж байсан. Хоёр жилийн өмнөөс миний бие сургалтынхаа төвийн менежрээр томилогдоод олон олон залуусыг сургаж байна. Манай сургалтад 18-45 насны харааны бэрхшээлтэй иргэд ирж суралцах боломжтой бөгөөд үйлдвэрийн бүхий л ажлыг сурч төгсөнө. Үүнийхээ дараа шалгалт өгөөд, байнгын ажлын байраар хангагдаж, ажилтай, орлоготой болох боломжтой" гэсэн юм.

Харин оюутан Б.Бат-Эрдэнэ,

Бүгдийг шинээр хийж сурч байгаа учраас зөв хийж сурах нь хамгийн чухал

"Энэ сургалтын төвд ирснээрээ олон хичээл үзэж байна. Онол практикаас эхлээд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн анхан шатны тусламж гээд олон зүйл сурлаа. Мөн өмнө нь өөрсдийн гараар хийдэггүй байсан ч хийж болохоор, сурч болохоор ялангуяа харааны бэрхшээлтэй иргэдийн хийж болох бүхий л ажлыг хийж сурч байна. Яахав анх сурч байгаа учраас хүндрэлтэй тохиолдол гардаг. Шантрах үе ч тохиолддог. Гэхдээ бид А үсэг сурдаг шиг бүгдийг шинээр эхэлнэ гэсэн үг. Тиймээс эхнээсээ зөв сурах нь хамгийн чухал юм" гэв.

Харин үүний дараа бид оёдлын цех болон соёлын төвөөр зочлов. Оёдлын цехэд энгийн иргэд ажиллаж оёдол, эсгүүрийг хийдэг бол харааны бэрхшээлтэй иргэд маань туслахаар ажилладаг байна. Энд ажлын бээлий, төрөл бүрийн даавуун уут болон ажлын хувцсыг үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог. Мөн бүхий л ААН, албан байгууллагууд хамтарч ажиллах боломжтой гэдгээрээ онцлог байв. Харин соёлын төвд ардын авьяастнууд маань дуу хуураа өргөж, өөрсдийнхөө урлагийн авьяасыг улам хөгжлүүлсээр байдаг аж.

Ийнхүү Ubn.mn сайтын сурвалжлах баг нэг өдрийг Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, хөгжлийн төвд өнгөрөөв. Харааны бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрлөх боломж олгодог тус төвийн үйл ажиллагаа өдөр бүр өрнөж, монголчуудыг ахуйн хийгээд бусад бүтээгдэхүүнээр хангахаар хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэд маань хөлсөө дуслуулж буй нь энэ аж.

Тийм ч учраас харааны бэрхшээлтэй иргэдийг ажилтай, орлоготой байхад нь иргэн та бүхний болон албан байгууллага, ААН-үүдийн оролцоо их байгаа гэдгийг энд уламжлах нь зүйн хэрэг. Мөн энэ ням гарагт харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Цагаан таягтны өдөр" тохиож буй тул бүх харааны бэрхшээлтэй иргэддээ энэ өдрийн мэндийг уламжилъя.

ОБЕГ: Үнэрийн голомтыг тогтоогоогүй. Налайх чиглэлд хяналт, шалгалт хийж байна
ОБЕГ: Үнэрийн голомтыг тогтоогоогүй. Налайх чиглэлд хяналт, шалгалт хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.