Зургийн эх сурвалж: YONHAP NEWS AGENCY
БНСУ./СӨҮЛ/. Сөүл хотын Гангнамын орон сууц нь дэлхийн аюулгүй хөрөнгө болж, орон сууцны үнэ нь сүүлийн хэдэн жил огт унахгүй байгаа талаар Өмнөд Солонгосын эдийн засгийн чиглэлээр мэдээ нийтлэл бэлтгэдэг “The Korea Economic Daily” сонины “Hankyung.com” сайт мэдээлжээ.
Тус нийтлэлд БНСУ-ын Засгийн газар үүнийг ашиг хонжоо хайгч хүмүүсээс үүдэлтэй гэж үзэж байгаа боловч эдийн засгийн шинжээчид эрэлт нь нийлүүлэлтээс өндөр байгаа учраас тус орон сууцны үнэ унахгүй байна хэмээн үзжээ.
Харин тус улсын Засгийн газрын зарим удирдлагууд Гангнамын орон сууцыг дэлхийн хэмжээний аюулгүй эд хөрөнгө мөн хэмээн дүгнээд байгаа аж.
Тэгвэл Гангнам дахь орон сууцны хэрэглэгчид нь Ази зэрэг гадаадын орнуудын алдартнууд байдаг болохыг тогтоосон байна.
Нэрээ нууцлахыг хүссэн засгийн газрын өндөр албан тушаалтан 24-ний өдөр "Олон улсын байгууллагын сүүлийн онлайн хурал дээр олон нийтийн анхаарлыг татсан Сөүлийн Гангнам дахь орон сууцны үнэ хамгийн их яригдлаа. Энэ үеэр Монголын нэг сайдыг Гангнамд гурван орон сууц эзэмшдэг болохыг сонссон. Тэрээр энэ шинэ коронавирусний үед Гангнамын орон сууцны үнэ буурахгүй учир зарахгүй, үргэлжлүүлэн эзэмших бодолтой байна гэж хэлсэн” гэв.
Засгийн газрын өөр нэг ажилтан " Хятадын төрийн өндөр албан тушаалтнууд Гангнам хотод хэд хэдэн орон сууц эзэмшдэг гэдгийг сонссон.Тэд Сөүл дэх Гангнамын орон сууцыг Нью Йорк, Лондон, Хонконг, Сингапур зэрэг хотуудын үл хөдлөх хөрөнгө шиг найдвартай хөрөнгө гэж үздэг” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: https://www.hankyung.com/