Энэ сарын 18-ны өдрөөс 24 хүртэл Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн 1-р эгнээг хаасан. Шугам засварын ажил хийж байсан учир тав хоног тус хэсгийн нэгдүгээр эгнээ хаалттай байв. Гэвч засварын ажил дууссаны дараах зам өмнөхөөсөө дорджээ. Шугам засварын ажил хийж буй нэрийдлээр ойр орчмынхоо хашлага, явган хүний замыг эвдэж хийснээсээ илүү үрэн таран болгожээ.
Засварын ажлаа дуусгачихаад дараа нь энд тэндгүй ухсан том нүхнүүдээ ном журмынх нь дагуу битүүлчихгүй өөрсдийн дураар битүүлээд хаячихсан. Зам дээгүүр нь дүүрэн цул чулуу, хайрганууд хөглөрөн үлдсэн байв. Ингэж хүний нүд хуурсан засварын ажил хийх юм бол хийхгүй байсан нь дээр биз.
Нэг ажил хийсэн бол бүрэн гүйцэд норм стандартынх нь дагуу хийчихгүй заавал араасаа чирэгдэл үүсгэн дутуу зүйл хийдэг нь төрийн албаныхны гэм биш зан болсон гэлтэй. Уг нь аливаа ажлыг уялдаа холбоотой дүрэм журмынх нь дагуу хийдэг баймаар юм.
Тус зам дээр хөглөрч буй тэдгээр хайрганууд дээр машин явж нөгөө богино настай замыг нь улам эвдэлж сүйтгэнэ. Хотын замын насжилт богино, арчилгаа, хийц муу байдгийн хамгийн тод жишээ нь, энэ. Ингээд л дахиад төсвийн хөрөнгөөр зам засварын ажилд хэдэн тэрбумыг зарцуулна. Ийм байдлаар жил бүр бидний татвараас бүрдүүлдэг төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь цацмааргүй байна.
Цагтаа дуусгахын тулд ингэж халтуурдаад байдаг юм уу эсвэл угаасаа л ингэж халтуурдаж хийсээр өдийг хүрэв үү. Эсвэл ажил хийсэн гэдгээ батлах гэж ул мөр үлдээгээд байдаг юм уу бүү мэд. Үүнд хяналт, шаардлага тавьдаг хүн ч гэж алга.
Хаа хаанаа хийх ёстой ажлаа бүрэн гүйцэд нормынх нь дагуу хийдэг бол ядаж энэ замын насжилт ганц хоёр жилээр хойшлогдох байсан биз ээ.