Өнгөрөгч долоо хоногт таван бяцхан зүрх цаг бусаар зогсож, үр хүүхэдтэй хүн бүрийг айдаст автуулсан хүндхэн долоо хоног болж өнгөрлөө. Хүүхдэд ээлгүй улс, хүүхдэдээ "хайргүй" эцэг, эх, хөрсөн дээрээ буудаггүй хүүхэд хамгаалал, хэрэгтнүүдэд хэт энэрэнгүй ялын бодлого гээд олон хүчин зүйл үүнд буруутай.
Хамгийн сүүлийн ганцхан жишээг дурдахад, өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж, бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр хүртэл шийтгэгдэж байсан араатнаас дор этгээд бидний дунд эрх чөлөөтэй алхаж, бяцхан үрс рүү минь шүлсээ үсчүүлэн харж зогсоог бид анхаарсангүй, анзаарсангүй. Эцэст нь тэр 12-хон настай бяцхан охины амиар "тоглочихлоо". Бид урьдын адил халаглан харамсаж, ялын бодлогоо чангаруулъя, хүүхэд хүчирхийлсэн хэрэгтэнд өршөөл үзүүлдэггүй байя гэх мэт улиг болсон үгсээ ам уралдан хэлж, цахим орчинд хоосон попорсоор үлдэв. Хэдхэн хоногийн дараа бүгд мартчихна. Дараагийн хэрэг гарахад дахиад л халаглана. Яг л ийм байдлаар хэдэн арван жилийг үдсэн. Харамсалтай нь юу өөрчлөгдсөнгүй. Энэ бол хэрэгтнүүдэд хэт энэрэнгүй, хүүхдүүддээ хайргүй төр засгийн буруу.
Үүнээс гадна, томчууд бидний тоомжиргүй, хариуцлагагүй зангаас болж маш олон бяцхан зүрх хорвоог орхиж байна. Долоохон хоногийн дотор дөрөв, тав, долоон настай гурван хүүхэд гэрийнхээ цонхоор унаж, амьсгал хураалаа. Энэ бол цэвэр эцэг, эхчүүдийн буруу. Цонхондоо хамгаалалт хийж, аюулгүй орчин бүрдүүлж чадаагүй байж ЯАГААД хайртай үрсээ харгалзах хүнгүйгээр цоожлоод үлдээж байгаа юм. Хаанаас нь гардаг зориг, ухаан бэ. Олон зуун бяцхан зүрх амь насаараа анхааруулж, харамсалтайгаар хорвоог орхиж байхад, сошиалд попорч, хэн нэгнээс бурууг хайж цэцэрхэж суухынхаа оронд алга дарам цонхондоо хаалт, хамгаалалт хийлгэчихье гэж яагаад бодож болсонгүй вэ. Өнөөдөр ч мөн адил хүүхэд цонхоор унаад эндчихлээ гэдэг мэдээг цахим орчиндоо нийтэлж, ухаантай үгс урсгачхаад өөрийнхөө гэрийн цонхонд хаалтгүй суугаа хүн тоолж, баршгүй олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, ядаж өөрийнхөө хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангая. Түүний дараа төр түмнээсээ хариуцлага нэхье.
Долоохон хоногийн дотор цаг бусаар зогссон таван бяцхан зүрх бидэнд маш том даалгавар өгөөд буцлаа. Тэд хүүхдийн сурч, хөгжих эрхээс илүү эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд анхаарах цаг болсныг нэхэн санууллаа.
Бидэнд мэдэгдэж, цахимд цацагдсан нь л тав болохоос зам тээврийн болон ахуйн ослоор хэчнээн бяцхан зүрх харамсалтайгаар зогссоныг хэн ч мэдэхгүй. Тиймээс дөнгөж цэцэглэж байгаа. Өөртөө ч ахадмаар том мөрөөдөл тээж, гэрэлт ирээдүй рүү тэмүүлж яваа бяцхан зүрхнүүдээ хугацаанаас нь өмнө зогсоохгүй байцгаая.
Яагаад томчууд бидний тоомжиргүй, хариуцлагагүй байдлаас болж тоглож явсан хүүхдүүд эндэх ёстой гэж...