Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: 85 жилийн түүхтэй ӨРГӨСТ ТОР зэрлэг амьтдыг эндэхэд хүргэж байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 4 секунд

АНУ-ын Денвэр амьтны хүрээлэнгийн “Байгаль Хамгаалалд Эмэгтэйчүүд” 2022 оны шагналын хүрээнд санаачлагдсан “Байгальд Ээлтэй Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн Туушин зочид буудлын Сүлд танхимд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд зэрлэг амьтдын гэрэл зургуудыг тусгасан ба Монголын дэд бүтцийн алдаа дутагдлыг гэрэл зургаар хөндсөн гэдгээрээ онцлог юм. Тэгвэл Ubn.mn сайтын сурвалжлах баг тус гэрэл зургийн үзэсгэлэнгээс дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

Ийн “Байгальд Ээлтэй Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнг өдрийн 15:00 цагт зорин очлоо. Үзэсгэлэн болж буй танхимын хана болон шалыг ногоон зүлгээр бүрсэн нь амьтдын гэрэл зурагтай төгс зохицож, ойгоор аялангаа шинэ амьтадтай танилцаж байгаа мэдрэмжийг төрүүлж байлаа.

Аливаа үзэсгэлэнд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг зүйл бол яахын аргагүй гэрэлтүүлэг болон хөгжим. Энэ нь үзэсгэлэнгийн “эд, эс” болсон зургуудыг тухтай үзэх боломжийг бүрдүүлдэг гэж ойлгож болно. Түүнээс гадна тус үзэсгэлэнгийн гэрэл зургуудыг гурван хэсэгт дэлгэн үзүүлжээ.

Үзэсгэлэнгийн эхний хэсэгт ан амьтад болон зэрлэг амьтдын байгальд хэрхэн таатай амьдарч байгааг дүрсэлсэн зургууд мөн тэдгээр амьтдын мэдээллийг хамтад нь байршуулсан байлаа.

Та зэрлэг амьтдыг байгальд ямар үүрэгтэйг мэдэх үү

Та бүхэн зэрлэг амьтдаас нэрлэ гэвэл хичнээнийг алдалгүй нэрлэж чадах вэ. Магадгүй өөрсдийгөө олон зэрлэг амьтан мэднэ гэж бодож байж болох. Гэвч тус үзэсгэлэнд урьд өмнө бидний сонсож байгаагүй бүр харж ч байгаагүй ан амьтдын зургийг дэлгэн харуулж, байгальд ямар ач тустай, үүрэг, онцлогтой гэдгийг нь мэдэж болохоор байв. Тийм ч учраас та бүхэн үзэсгэлэнгийн эхний хэсэгт зочилсноор танин мэдэхүйн ойлголтоо нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Харин хоёр дахь хэсэгт дэд бүтцийн асуудлууд амьтдын амьдрах орчинд хэрхэн нөлөөлж буй талаар дүрсэлсэн байв.

85 жилийн түүхтэй өргөст тор зэрлэг амьтдыг эндэхэд хүргэж байна

Эхний хэсэгт харуулсан өхөөрдөм амьтад хоёр дахь хэсэгт шархадсан, бэртсэн зарим нь бүр эндсэн байх зургуудыг дэлгэжээ. Зөвхөн зураг төдийгүй яагаад эндсэн талаарх тайлбарыг улаан өнгийн гэрэлтүүлгийн хамтаар дэлгэсэн байв. Тайлбартай уншиж, танилцвал тэдгээрийн бэртэж, шархадсан нь бидний анзаараагүй өдийг хүрсэн хот төлөвлөлтийн алдаа байжээ гэдгийг ойлгож болно.

Тэдгээр алдаатай хот төлөвлөлтөд төмөр замын өргөстэй торон хаалт, автомашины засмал зам, өндөр хүчдэлийн шон зэрэг зүйлс багтдаг байна.

Тэгвэл тэдгээр амьтдад ээлгүй хот төлөвлөлтөөс төмөр замын өргөстэй тороор жишээ татъя. Анх төмөр зам руу мал, амьтдыг орохоос сэргийлж тэднийг хамгаалах зорилгоор өргөстэй торон хаалтыг хийж эхэлсэн. Харин өргөстэй торон хаалтаас бидний хамгаалж чадаагүй зүйл нь зэрлэг ан, амьтад юм. Зэрлэг амьтан нь хол замыг туулж, нүүдэллэн амьдардаг байнгын шилжилт хөдөлгөөнтэй байдаг амьтан гэж хэлж болно. Тэд цаанаас өгөгдсөн инстинктээрээ ямар нэгэн аргаар өргөстэй торны цаана гарахаар оролдохдоо энддэг байна. Тиймээс уг үзэсгэлэнгээр дамжуулан төмөр замын торыг өргөсгүй болгоё гэсэн уриаг үзэгчдэд илэрхийлэхийг зорьжээ.

Олон улсад төмөр замын торны стандарт гэж бий. Тус стандартад торны баганын хэмжээ, тор хийхдээ ямар утас ашиглах, торны утсыг ямар хэмжээгээр байрлуулах ёстой талаар тусгасан байдаг. Гэтэл бид анх 85 жилийн өмнө төмөр замыг тавьж байхдаа л өргөстэй торыг хамт тавьж эхэлсэн нь одоо ч өөрчлөгдөөгүй хэвээр.

Тэгвэл үзэсгэлэнгийн сүүлийн хэсэгт үзэсгэлэн санаачлагчдын зүгээс дэвшүүлсэн санаа буюу шийдлүүдийг байрлуулсан байв.

Өргөст тор, өндөр хүчдэлийн шонг аюулгүй болгох арга зам бий

Өндөр хүчдэлийн шонгоос болж эндсэн шувууд, зөвхөн зам гарахыг хүссэндээ л автомашинд дайруулсан зэрлэг амьтдыг аврах, эндэгдлийн тоог багасгах шийдлүүдийг дэвшүүлснээрээ “улиг” болсон гэрэл зургийн үзэсгэлэнгүүдээс онцгойрч чадав. Зэрлэг амьтны экологич, судлаачдын зүгээс төмөр замын торыг өргөсгүй болгох, өндөр хүчдэлийн шонгийн цахилгаан дамжуулалтыг хуванцраар бүрэх, хээрийн автомашины засмал замд амьтдад зориулсан нүхэн гарц гаргах санааг дэвшүүлжээ.

Үзэсгэлэнд зайлшгүй байх ёстой хүн бол үзэсгэлэн тайлбарлагч. Тус үзэсгэлэнгийн тайлбарлагчаар маш олон хүн ажиллаж байсан ба тэдгээр нь бүгд сайн дурын оюутнууд байсан нь авууштай.

Бид тайлбарлагчаас уг үзэсгэлэнгээр иргэдэд юу ухааруулахыг зорьсон талаар асуухад, Тэрбээр,

Таван хошуу малаас гадна зэрлэг амьтад ч мөн аюулгүй орчинд амьдрах эрхтэй

“Монголчууд таван хошуу малыг л хамгаалах тухай ярьдаг. Гэхдээ зэрлэг амьтад ч бас амьдрах, аюулгүй байх эрхтэй шүү дээ. Тэд хээрээр нүүдэллэж амьдрахдаа эко системийг бий болгож байдаг. Гэтэл хүн төрөлхтний алдаатай хот төлөвлөлт, хайхрамжгүй үйлдлээс болоод ихээр эндэж болсон. Мал амьтад бол өргөстэй торонд нэг хатгуулаад ойртож болохгүй юм байна гэдгээ мэдээд холддог. Гэтэл зэрлэг амьтдын хувьд нүүдэллэх шаардлагатай учраас торны цаана гарах нь л чухал. Ямар ч хамаагүй аргаар гарах оролдлого хийснээрээ энддэг гэж ойлгож болно.

Жишээлбэл, идлэг шонхор нь өндөрлөг газарт очиж идшээ олж иддэг шувуу юм.Одоогоор байгаа хамгийн өндөрлөг газар нь өндөр хүчдэлийн шон учаас шувууд шонгийн модны хүчдэлд цохиулан эндэх тохиолдол ихэссэн. Үүнтэй холбоотойгоор 2018 оноос хойш шонгийн модны тог түгээгүүрийн хэсгийг хуванцраар бүрэх ажлыг хийж эхэлсэн. Энэ бүрэх ажлыг хийсний дараагаар эндэгдлийн тооцоог гаргахад эндэгдэл 95 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Гэсэн хэдий ч одоог хүртэл стандарт бус шонгууд байсаар байгаа юм.

Үүгээр ямар нэгэн салбарыг, шийдвэр гаргагчдыг буруутгахыг зориогүй. Учир нь эдгээр зохицуулалтыг тэд хийж байхдаа анхнаасаа мэдээгүй хэрэг. Энэ талаар хот төлөвлөлтийн ангийн оюутнуудаас тодруулахад тэдэнд хэзээ ч байгаль орчинд ийм аюул тулгардаг учраас хот төлөвлөлтийг амьтдад ээлтэйгээр төлөвлөх ёстой гэдгийг заагаагүй байсан. Тиймээс байгаль орчны салбарынхан энэ талаар зөв чиглэлийг өгч, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулаасай гэдэг урилгыг үзэгчдэдээ хүргэхийг зорьсон” гэлээ.

Тэгвэл бид тус үзэсгэлэнг санаачлагч зэрлэг амьтны экологич, судлаач Д.Нандинцэцэгээс “Байгальд ээлтэй Монгол” төслийн талаар тодрууллаа.

Зэрлэг амьтдыг хайрлая

“Сүүлийн 20 гаруй жил туургатан буюу зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн тэдгээрт учирч байгаа аюулын талаар судалгаа хийн, ажиллаж байна. Энэхүү үзэсгэлэнг АНУ-ын Денвэр амьтны хүрээлэнгийн “Байгаль Хамгаалалд Эмэгтэйчүүд 2022” шагналын хүрээнд санаачилсан. Зөвхөн шагналын хүрээнд жижиг гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулаад өнгөрөхөөс илүүтэй байгаль хамгааллын байгууллагуудтай хамтарсан байдлаар үзэсгэлэнгээ дэлгэж, олон нийтэд мэдээлэл олгоё, анхааруулъя гэж зорьсон.

Ялангуяа дэд бүтцийг хөгжүүлэх, нүхэн гарц хийх, төмөр замын хаалт барих, тариалалт хийхдээ зэрлэг амьтдыг харгалзан үзэх, тэдгээрт ээлтэй байх гэдэг талаас нь байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа мэргэжил нэгтнүүд, дэд бүтцийг хөгжүүлж буй салбарынхантайгаа хамтарч ажиллах, өөрчлөлт хийх зорилготойгоор төслөө хэрэгжүүлэн, үзэсгэлэнгээ дэлгэсэн.

Уг үзэсгэлэнд нэг талдаа зэрлэг амьтдыг хайрлах, нөгөө талдаа тэднийг мөн байгалийг хамтад нь хамгаалж авч явах гэсэн уриалгыг агуулж байгаа юм.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд төмөр замын өргөстэй тор, хашааг маш ихээр барих болсон. Түүний үр дагаварт зэрлэг амьтад төмөр утсанд орооцолдож эндэх, шархдах цаашлаад тэдгээрийн нүүдэл нь хязгаарлагдах сөрөг зүйлс тулгараад байна. Тиймд энэ талаарх мэдээллийг олон нийтэд түгээх шаардлагатай гэж үзэн үзэсгэлэнг зохион байгуулахаар шийдсэн” гэв.

“Байгальд ээлтэй Монгол” үзэсгэлэн нь энэ сарын 27-29-ний өдрүүдэд Туушин зочид буудлын Сүлд танхимд үргэлжлэх бол есдүгээр сарын 30, аравдугаар сарын 01-нд Сүхбаатарын талбайд дэлгэгдэх аж. Уншигч та бүхэн үзэсгэлэнгээр зочлон өөрийн санал бодлоо хуваалцаж, үзэсгэлэнд дэлгэгдсэн гэрэл зургуудыг үзэж, сонирхохыг санал болгож байна.

Д.Дөлгөөн

ИНФОГРАФИК: Он гарснаас хойш зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн 76,5 хувь нь ЭРЧҮҮД байна
ИНФОГРАФИК: Он гарснаас хойш зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн 76,5 хувь нь ЭРЧҮҮД байна
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.