Үндэсний статистикийн хорооны 2022 оны тоон мэдээллээр эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67,3 харин эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76,7 байна гэх мэдээллийг гаргасан. Ойролцоогоор манай улсын эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 9,4 насаар бага насалдаг байна. Гэтэл үүний гол шалтгааныг амьдралын буруу хэвшил, архи, тамхины хэрэглээ тэдгээрээс үүдэлтэй өвчлөлтэй холбон тайлбарладаг ч сүүлийн жилүүдэд нас баралтаас гадна эрэгтэйчүүдийн осол гэмтэлд өртөх тоо эрс нэмэгдэх болжээ.
Иймд Ubn.mn сайт энэ удаагийн инфографик мэдээллээрээ "ЭРЧҮҮДИЙН ОСОЛ ГЭМТЭЛД ӨРТӨМТГИЙ БАЙДАЛ" болон түүнээс үүдэлтэй нас баралтын тоон мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Манай улсын нийт хүн амын 49 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг
Монгол Улсын нийт хүн амын тоо 3,457,548. Үүний 1,696,148 буюу 49 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бол үлдсэн 1,761,400 буюу 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь эмэгтэйчүүд эрчүүдээс 65,252-оор буюу 2 хувиар илүү гэсэн үг юм.
Эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 2 дахин их байна
2022 оны байдлаар манай улсад нийт 19301 иргэн нас барснаас 63,3 хувийг эрэгтэйчүүд, үлдсэн 36,7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин эмэгтэйүүдийнхээс 2 дахин их гэсэн үг юм.
Осол гэмтлийн шалтгаант 10 тохиолдол тутмын 6 эрэгтэй хүн байна
2017-2022 онд нийт 702,648 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэний 61,5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа юм. Үүнээс харахад осол гэмтлийн шалтгаанд 10 тохиолдол тутмын зургаа нь эрэгтэй хүн байгаа юм.
Зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтдэг хүмүүс ихэвчлэн эрчүүд байна
2022 онд зам тээврийн ослын улмаас нийт 1041 хүн бэртэж гэмтсэний 585 нь эрэгтэй, 456 нь эмэгтэйчүүд байна.
2022 онд зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдийн 90,4 хувийг эрчүүд эзэлж байна
2022 оны байдлаар зам тээврийн ослын улмаас нийт 280 хүн амь насаа алдсаны 90,4 хувийг эрчүүд, үлдсэн 8,6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс үзэхэд эрэгтэйчүүд зам тээврийн осолд өртөх нь их байгаа юм.
2023 он гарснаас хойш зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн 76,5 хувийг эрчүүд эзэлжээ
2023 он гарснаас хойш зам тээврийн ослоор 311 хүн амь насаа алдсаны 76,5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь өнгөрөгч 2022 онтой харьцуулахад зам тээврийн ослоор амь насаа алдагсдын тоо эрс нэмэгдэж буйг харуулахаас гадна мөн л эрэгтэйчүүдийн нас баралт нэмэгдэж буйг илтгэх тод жишээ юм.
Эрчүүд ихэвчлэн толгойдоо гэмтэл авдаг
2023 оны эхний найман сарын байдлаар осол гэмтэлд өртсөн эрэгтэйчүүдийн өвчлөлийг оношоор нь авч үзвэл толгой, тохой шуу, бугуй сарвуу, өвдөг шилбэ, шагай тавхайн гэмтэл ихэвчлэн оношлогдож, энэ төрлийн гэмтлүүд бусад гэмтлээс тэргүүлж байна.
Дээрх инфографик мэдээллээс үзэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол осол, гэмтэлд өртөх магадлал өндөр байдаг байна. Үүнийг сэтгэлзүйчид болон мэргэжлийн хүмүүс хувь хүний зан чанар тэр дундаа эрчүүдэд нийтлэг тохиолддог зан араншин, амьдралын хэв маягтай холбон тайлбарладаг. Тиймээс эрчүүд та бүхэн өөрсдийгөө учирч болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж амьдралын буруу хэвшлээ одооноос эхэлж засах нь зүйн хэрэг юм.