Монгол зургийг өөрийн хэв маягтай хослуулан, өвөрмөц өнгө аясаар бүтээлээ туурвидаг уран бүтээлч Б.Баярт-Од нь урлагт хайртай хүн бүрд зориулсан цоо шинэхэн бүтээлүүдээрээ өөрийн бие даасан “Үлэмжийн чанар” үзэсгэлэнгээ толилуулжээ. Тус үзэсгэлэн нь энэ сарын 10-аас эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Тэрбээр Монгол зургийн нарийн ажиллагаагаар бүтээлүүдээ туурвидаг бөгөөд эмэгтэй хүнийг амьд цэцэгсээр зүйрлэн хээлж зурсан нь бүхэлдээ хайрлагдсан эмэгтэйн гоо сайхан, хүч чадлыг билэгджээ. Түүнчлэн бүтээл бүрийг нь тогтож харвал хүмүүний орчлонгийн хамгийн нандин, хамгийн сайхан бүхнийг илэрхийлэхийг зорьсон мэт.
Тус үзэсгэлэн болж буй " Art of UB Gallery" нь кофе шопын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ба уран зураг сонирхогч үйлчлүүлэгч нартаа зориулан зураг зурахад шаардагдах бүхий л хэрэгслийг үзэсгэлэнгийн хамтаар багтаажээ. Тиймээс тус үзэсгэлэнг сонирхохын зэрэгцээ дурын зургаа зурж, cafe-аар үйлчлүүлэх боломжтой аж. Иймд Ubn.mn сайтын сурвалжлах баг тус үзэсгэлэнгээс дараах фото сурвалжилгыг бэлтгэлээ.
Уншигч та бүхэн урлагийн ертөнцөд тэр дундаа уран зургийн гайхамшигт түр зуур тухлан саатаж, тархиа амраан, бага ч болов сэтгэлээ сэргээгээрэй.
Сэтгүүлч Д.Дөлгөөн
Гэрэл зургийг Б.Чинзориг