Гарцаар гарч явсан 12, 13 настай хоёр охиныг мөргөж, нэгнийх нь аминд хүрсэн харамсалтай хэрэг гараад буй. Ослыг гаргасан жолооч согтуу эмэгтэй байсан гэх мэдээлэл гараад байгаа юм.
Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай "Хоёр хүүхэд мөргөж, нэгнийх нь аминд хүрсэн жолооч нь 27 настай эрэгтэй. Осол гаргахдаа согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоохоор шинжээч томилсон" гэлээ.
Сануулахад, цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа хоёр хүүхдийг автомашин дайрчихлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны 2 эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.