"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарласантай холбогдуулан МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат дараах мэдээллийг өгсөн юм. Тодруулбал,
“Хамгийн гол асуудал бол байгууллагын үйлдвэрийн захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн хороо нь хашааны наана, цаана сууж байна. Одоо өөрсдийн хамтын хэлэлцээр дээр хэвлэл мэдээллээр хоёр талд яриа өгөх биш, хамт суугаад хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй хэлэлцээрээ үргэлжлүүлэхийг уриалж байна. Өнөөдрийн байдлаар авто тээврийн хэсэг болон ил уурхайн хэсэг ажил хаялтын байдалтай байна. Ажил хаялт эхлээд дөрвөн цаг өнгөрч байгаа. Бидэнд нэг цаг, нэг минут болгон үнэ цэнтэй. Хэн нэгнийгээ буруутгаж, элдэв янзаар хэлэх асуудал байж болохгүй гэж бодож байна.
Шүүхэд өгсөн гэдэг асуудал яригдаж байна. Шүүхэд өгөөд асуудал шийдэгдэхгүй. Би энэ талаар үйлдвэрийн захиралд онцгой анхааруулж хэлмээр байна. Ажил хаялтын цаад мөн чанар нь цалин, хөлсний тогтолцоонд шинэчлэлт хийх, хамтын гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах гэсэн шаардлагыг тавьдаг. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш, түүнээс өмнөх олон жилийн хуримтлагдсан асуудлууд ч бий.
Тиймээс үйлдвэрийн удирдлага, хамт олонд хамтын хэлэлцээр хийхдээ шийдвэр гаргах түвшний хүмүүсийг оруул. Түүнээс бол хэлтсийн дарга суулгаад “цааш нь дамжуулъя, захиралд хэлье, ойлгуулъя, тэр өвчтэй, чөлөөтэй байгаа” гэдэг байдлаар хуучин хандлагаар явж болохгүй. Засгийн газар ч бүх шатандаа хамтын гэрээ хэлэлцээрүүдийг хийхдээ шуурхай,шударга, ил тод байснаар үр дүнд хүрнэ.
Үйлдвэрийн захиргааны мэдэгдлээр дөрвөн сая төгрөгийн цалин авч байгаа учраас үйлдвэрчний эвлэлээр эрхээ хамгаалуулах шаардлагагүй гэсэн байна. Ийм яриа, хөөрөө байж болохгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Монгол хүний дундаж цалин хөлс нь 1,75 сая орчим төгрөг байгаа нь үнэн. Цаашлаад валютын ханшийн өсөлт, инфляцын өсөлттэй гүйцэх бодитоор цалин нэмэгдүүлэх шаардлагатай. Тийм ч учраас энэ зун Засгийн газарт байгаа нөөц бололцооны дагуу нэмсэн” гэлээ.
Түүнчлэн “Багш нарыг ажил хаялтад уриалсан асуудал цахим орчинд нэлээдгүй яригдаж байна. Тиймээс бид бүхэн энэ жилийн хугацаанд үндсэн цалин хөлсийг дунджаар 20-40 хувь нэмэгдүүлсэн байгаа. Мөн ирэх онд төсвийн санхүүжилт өгсөн. Тухайлбал, боловсролын салбарт хувийн хэвшлийн багш нарын дундаж цалингаас улсын сургуулийн багш, ажилчдын цалин хөлс хоцормооргүй байгаа юм. Үүнээс шалтгаалаад амьдралын бололцоо, боломж багатай, өндөр төлбөр төлөх боломжгүй эгэл жирийн ардын хүүхдүүдэд заадаг сайн боловсон хүчнүүд хувийн хэвшил рүү шилжиж, цаашлаад боловсролын ялгаа гарах эрсдэлтэй. Тиймд цалин хөлс нэмэх асуудлыг дахин ирэх жилийн төсөвт нэмж өгөхийг хүссэн. Нэмэхдээ боловсролын салбар, эрүүл мэндийн салбар гэх мэт иргэдэд хамгийн ойр үйлчилгээ үзүүлдэг, үр хүүхдийн ирээдүйтэй холбоотой салбаруудад онцгойлон анхаарч авч үзээч гэдэг хүсэлтийг тавьж байгаа” гэсэн юм.
Д.Дөлгөөн