Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгэлзүйч С.Цэнд-Аюуш: 2 настнууд цэцэрлэгтээ дасахгүй байвал цэцэрлэгээс нь тарсны дараа гадаа тоглуулах мөн цэцэрлэг гэж юу болохыг ойлгуулж, сайн ярилцах хэрэгтэй

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 12 секунд

Эцэг, эхчүүдийн өмнө хамгийн их тулгамддаг асуудлуудын нэг бол хүүхдээ цэцэрлэгт яаж бэлтгэх ёстойгоо төдийлөн мэдээгүйгээс үүдэн хүүхэд нь цэцэрлэгтээ дасахгүй байх явдал байдаг. Учир нь 2 настнууд цэцэрлэгт орохдоо удаан хугацаанд орчинд нь дасахгүй байснаас үүдэн хямдралд ордог. Тэгвэл 2 настай хүүхдээ цэцэрлэгт хэрхэн бэлдэх болон хүүхдүүдтэйгээ хэрхэн ярилцаж, ойлголцох талаар “Сайн сонсогч” сэтгэлзүйн төвийн сэтгэлзүйч С.Цэнд-Аюуштай ярилцлаа.

-Юун түрүүнд ярилцлагаа 2 настай хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлогийн талаар эхлүүлье. Бусад насны хүүхдүүдээс юугаараа өөр байдаг юм бэ?

-2 настай хүүхдийн хувьд нялх үеэ өнгөрөөгөөд баlчир насандаа орох гэж байгаа үе юм. Энэ насанд бүх зүйл аав ээжээс хамааралгүй “Би тустай хүн юм байна. Заавал хэн нэгний зааврын дагуу байх ёсгүй юм байна” гэдгээ ойлгосон эхний мэдрэмжийг авдаг.

Өөрөөр хэлбэл 2 настай хүүхдүүд аав, ээжийнхээ болон бусад хүний ярьж байгааг болон хийж байгаа үйлдэл бүрийг сурдаг. Түүний дараа даган дуурайж эхэлдэг. Нэг ёсондоо хүний ярьсан зүйл, хийж байгаа үйлдлийг яг адилханаар суралцдаг онцлогтой.

Мөн хүүхдийн 2 нас бол аливааг суралцаж, бусадтай нийгэмшдэг нас. Тийм болохоор бусад насны хүүхдүүдээс өөр байдаг. Энэ насандаа олон зүйлийг таньж, мэдэж, сурч, мэдээлэлтэй болбол цаашдаа ирээдүйн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг сайхан нас юм.

-Анх удаа цэцэрлэгт орж буй 2 настнууд шинэ орчинд очиж байгаа учраас сэтгэлзүйн хувь, ааш зангийн хувьд их хувирамтгай байдаг байх. Энэ талаар ч цэцэрлэгийн багш нар болон эцэг эхчүүд ч ярьдаг шүү дээ. Үүнийг тайлбарлаж өгөөч?

-Шинэ орчинд өөртэйгөө адилхан хүүхдүүдийн дунд ороод ирэхээр арай өөр мэдрэмж авдаг. Учир нь 2 настай хүүхдүүд гэртээ аав, ээжээсээ хүссэн бүхнээ уйлаад эсвэл ямар нэг үйл хөдлөл хийж байгаад авчихдаг. Гэтэл цэцэрлэгт сураад ирэхээр би онцгой биш юм байна. Энэ хүүхдүүдтэй адилхан юм байна гэдэг зүйлийг мэдэрч эхэлдэг.

Түүнээс гадна урьд өмнө огт харж байгаагүй өөр нөхцөлд ороод эхлэхээр хүүхдэд айх мэдрэмж төрнө. Түүнээсээ болоод уйлах, уурлах, бусад хүүхдүүдийг түлхэх, дээрэлхэх эсвэл ганцаараа байх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Яг энэ үед удирдагч багш хүүхдийн зан аашинд тохируулж харьцах хэрэгтэй. Гэхдээ хэт их эрхлүүлж, аргадах эсвэл уурлаж загнаж болохгүй. Харин илүү их ойлгохыг хичээх хэрэгтэй.

-Тэгвэл шинэ орчинд орж байгаа хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг хэрхэн бэлтгэх вэ?

-Магадгүй хүүхэд нь 2 нас хүрээд цэцэрлэгт орох гэж байгаа бол эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэлзүйг цэцэрлэгт ороход нь бэлтгэх хэрэгтэй. Яаж бэлтгэх вэ гэхээр бага багаар ярилцах, цэцэрлэг ямар байдгийг хэлж өгөх, үеийн найзуудтай болно гэдгийг нь хэлж ярьж эсхүл тоглоом тоглож ойлгуулах хэрэгтэй.

Хэрэв боломж гарвал хүүхэдтэйгээ хамт цэцэрлэг дээр нь очиж, миний хүү ийм ангид сурна. Олон хүүхэдтэй найз болно гэдгийг тайлбарлаж өгч болно. Мөн багштай нь танилцуулах зэргээр боломжтой бүх аргыг ашиглан хүүхдийнхээ сэтгэлзүйг бэлдэх хэрэгтэй. Хэрэв ингэж урьдаас сэтгэлзүйг нь бэлдвэл хүүхэд айх, сандрах, уйлах зэрэг хэлэмж нь арай багасаж өгдөг.

-Энэ насны хүүхдэд хямрал, синдром явагддаг гэдэг. Тэгвэл хямрал яагаад явагддаг вэ?

-2 настай хүүхдүүд нийгэмшээд ирэхээрээ хибидо буюу өөрийгөө хүндэрч, бие засаж байна гэдгээ ойлгодог. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдийг хэт их эрхлүүлэх, үл тоох, хайхрамжгүй орхих, бусдаас хараат байх, хийж байгаа үйлдлийг нь хянах зэрэг байдлаас болж хямрал үүсдэг. Энэ хямралын үед хүүхэдтэй сайн ярилцах зөвөлгөө өгөх, өөрт нь тохирсон ном уншиж өгснөөр хүүхэд хямралаа давхад нь тусалдаг.

-Тэгвэл эцэг, эх асран хамгаалагч энэ насны хүүхэдтэй хэрхэн харьцах ёстой байдаг юм бэ. Хэт их эрхлүүлж бас загнаж болохгүй юм байна?

-Энэ үед хүүхэд хүний хэлсэн бүх зүйлийг ойлгож эхэлдэг. Бас өөрийгөө илэрхийлэх гээд хичээдэг болохоор эцэг, эхчүүд маш сайн харилцдаг байх хэрэгтэй. Мөн бие дааж аливаа зүйлийг хийх гэж байх үед нь эцэг эхчүүд хүлээцтэй хандах нь чухал.

Жишээ нь, Хүүхэд өөрөө хоолоо идэх гээд хичээж байхад нь эцэг, эхчүүд урдуур нь орж хооллож болохгүй. Хэрэв байнга энэ үйлдэл давтагдаад байвал хүүхэд ууртай болох магадлал их байдаг. Тиймээс эцэг, эхчүүд нэгд хүүхдээ хүлээх, хоёрт гэрт нь бие даан юмыг хийлгэх нь тун чухал. Түүнчлэн хүүхдээ ямар нэгэн зүйл хийхэд анхаарч, хүүхдээ магтах, мундаг байна гэж урамшуулбал хүүхэд өөртөө итгэлтэй, айдасгүй бас дасан зохицох чадвар нь сайн болж эхэлдэг юм.

-Эцэг, эхчүүдийн сэтгэл түгшсэн байдал болон бусад мэдрэмжүүд хүүхдийн сэтгэлзүйд шууд нөлөөлдөг гэлцдэг. Магадгүй ээж, аавууд маань хүүхдээ цэцэрлэгт оруулж өгөхдөө бас анхаарах ёстой зүйл байдаг болов уу?

-Хэрвээ хүүхдээ цэцэрлэгт оруулахдаа айх, сандрах зүйл өөрт нь илэрж байвал өөрийн сэтгэл зүйг хянах хэрэгтэй. Бас хүүхдээ орой 5 цаг эсхүл 6 цаг авна гэж амласан л бол яг тэр цагт нь авч байх нь чухал. Мөн цэцэрлэгээс нь тарсны дараа цэцэрлэгийнх нь гадаа тоглуулах, орчинд нь бага зэрэг дасгахыг чухалчлаарай. Ингэснээр ээж, аавуудын маань ч сэтгэл санаа тайвширч, хүүхдэдээ санаа зовних асуудал бага болно.

-Ярилцсанд баярлалаа.

Н.Туул

Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байна
Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.