Өнөөдөр Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэн эх орондоо ирнэ.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болгосон.
Өчигдөр буюу долдугаар сарын 20-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа 260 иргэнийг татан авсан. Харин өнөөдөр буюу долдугаар сарын 21-нд Улаанбаатар-Токио чиглэлд Япон улсад байгаа иргэдийг, долдугаар сарын 26-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авах бол нэмэлтээр 07 дугаар сарын 28, 29-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долдугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авах юм.
Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Ирэх наймдугаар сард энэ сард татан авсан иргэдийн тоотой тэнцэх хэмжээний иргэдээ татан авахаар төлөвлөж байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.