НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг нар өнөөдөр тарваган тахал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах: Энэ сард Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахлын өвчлөлөөс болж нас барсан. Ховд аймгийн Цэцэг суманд хоёр тохиолдол гарч, улмаар хүндэрч булчирхайн тахал, уушгины хэлбэрт хүндэрч цаг алдалгүй эмчлүүлсний дүнд биеийн байдал нь сайжирч байна. Мөн Булганы Хишиг-Өндөр сумаас өчигдөр ирсэн иргэн тарваганы мах идсэн гэх өгүүлэмжтэй ирж, тусгаарлалтад орсон бөгөөд тарвага тахал өвчин илрээгүй. Хэдийгээр тарваган тахал илрээгүй ч нийслэл хот руу зөөвөрлөн орж ирэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Учир нь тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг учир өвчин туссан хүн бусдад тараах магадлал их. Өөрөөр хэлбэл, байгалийн голомтод гоц аюулт халдварт өвчин болох тарваган тахал нь “Ковид-19” халдварт цар тахлаас дутахгүй аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.