Токиогийн олимпийн зохион байгуулах хороо 2021 онд болох олимпийн наадмын тоглолтуудын хуваарийг зарлалаа.
Олон улсын олимпийн хороо, Олон улсын Паралимпийн хороод өнгөрөгч дөрөвдүгээр сард цар тахалтайгаар холбоотойгоор Токио 2020 олимпийг бүтэн нэг жилээр хойшлуулж буйгаа мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн үйл ажиллагааны эхлэх болон дуусах хугацаа бага зэрэг өөрчлөгдсөн ч ерөнхий хуваарийг хуучин хэвээр нь 2021 онд хэрэгжүүлэх аж. Мөн Токио 2020 наадмын бэлтгэл ажил үргэлжилсээр байгаа бөгөөд талбайг ашиглах хугацаа гэх зэрэг нэмэлт ажлуудыг дуусгахаар ажиллаж байгаа юм байна.
- Токио 2020 олимпийн наадам нийт 42 байршилд 33 төрлийн 339 тэмцээн зохион байгуулагдах юм.
- Нээлтийн үйл ажиллагаа - Долдугаар сарын 23
- Хаалтын үйл ажиллагаа - Наймдугаар сарын 8
-Нээлтийн тоглолтууд-
Олимпийн наадмын нээлтээс 2 хоногийн өмнө буюу долдугаар сарын 21-нд Японы цагаар 09:00 цагаас Софтболын төрлөөр Фүкүшима Азума Бейсболын цэнгэлдэх хүрээлэнд эхлэх юм. Мөн хөлбөмбөг болон Сэлүүрт завьны тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ өдөр явагдана.
- Долдугаар сарын 23. Наадмын нээлтийн өдрөөр Байт харвааны эрэмбэлэгдэх шатны тэмцээн зохиогдоно.
- Долдугаар сарын 24. Токио 2020 олимдийн наадмын анхны медал гардах аван тэмцээн нь эмэгтэйчүүдийн агаарын буудлагын 10 метрийн зайны төрөл бөгөөд тухайн өдрийн 08:30 минутанд эхлэх юм. Үүний дараагаар 11 төрлийн тэмцээн болохоос жудо, таеквондо, унадаг дугуйн хар замын төрөл, туялзуур сэлэм, хүндийн өргөлт гэсэн 6 төрлийн медал гардуулах ёслол болох юм.
-Хотын спортууд-
Хотын спорт хэмээн нэрлэгдээд буй Токио 2020 наадмын хүлээлт өндөртэй байгаа төрлүүд нь долдугаар сарын 24-нд эрэгтэй, эмэгтэй 3х3 сагсанбөмбөгийн төрлөөр эхлэх юм. Хотын спортын тэмцээнүүд нь Аоми болон Ариакэ дүүргүүдэд зохиогдох ажээ. Скийтбордингийн гудамжны төрөл долдугаар сарын 26, 27-нд зохиогдох бол ВМХ дугуйт фрийстайлын төрөл долдугаар сарын 31-нд, Скийтбординг (park) төрөл наймдугаар сарын 4,5-нд , спорт авиралт наймдугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд тус, тус зохиогдох юм.
- Түүхэн дэх хамгийн өндөр жендерийн тэнцвэртэй төрлүүд амралтын өдрүүдээр-
Хөгжөөн дэмжигчдийн хүлээлтийг хамгийн ихээр татаж буй долдугаар сарын 31 болон наймдугаар сарын 1-ний “Супер Бямба гараг” , “Алтан Ням гараг” өдрүүд юм. Нийт 21 медал гардуулагдах “Супер Бямба гараг”-т Олимпийн наадамд анх удаа зохиогдож буй жудогийн эрэгтэй, эмэгтэй холимог багийн төрөл, триатлоны эрэгтэй, эмэгтэй холимог багийн төрөл, буудлагын эрэгтэй, эмэгтэй холимог багийн төрлүүд багтаж байгаа юм. Эдгээр төрлүүд нь Токио 2020 наадмыг жендерийн тэнцвэртэй байдлыг хамгийн хүчтэйгээр тусгасныг харуулж байгаа юм. Удаах өдөр буюу “Алтан Ням гараг”-т 25 медал гардуулах ёслол болох ба үүнд эрэгтэйчүүдийн хөнгөн атлетикийн 100 метрийн финал, эрэгтэй болон эмэгтэйчүүдийн гимнастикийн төрлийн финал, эрэгтэйчүүдийн теннисийн ганцаарчилсан төрлийн финалын шатны тоглолтууд явагдах юм. Мөн туялзуур сэлмийн эмэгтэйчүүдийн багийн төрлийн финал, усанд сэлэлтийн 5 төрлийн финалын уралдаан болно. Тус амралтын өдрүүдэд санаанаас гарамгүй олон гайхамшигт тоглолтуудыг үзүүлэх нь маргаангүй биз ээ.
-Тэмцээний сүүлийн өдрүүд-
Токио 2020 наадмын өөр нэгэн чухал өдрүүд болох барилдаан, карате болон хөнгөн атлетикийн хагас финал, финалын шатны тоглолтууд долдугаар сарын 30-наас эхлэн явагдах юм. Мөн эрэгтэй, эмэгтэй 4х100 метрийн гүйлт наймдугаар сарын 6-нд явагдана. Хаалтын үйл ажиллагааны өмнөх өдөр буюу наймдугаар сарын 7-ны бямба гараг нь дахин нэг “Супер Бямба гараг” бөгөөд тус наадмын хамгийн их буюу 34 төрлийн финалын үзүүлбэрүүд зохиогдох юм.
Уг өдөр эрэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн финал, эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн финал, эмэгтэйчүүдийн марафоны финал, бейсболын финал, эрэгтэйчүүдийн волейболын финал, хөдөлгөөнт гимнастикийн финал, уран сайхны сэлэлтийн финалууд тус, тус явагдана. Олимпийн наадмын сүүлчийн өдөр буюу наймдугаар сарын 8-нд эрэгтэйчүүдийн марафон зохиогдож, 16:30 минутаас эрэгтэйчүүдийн усны поло төрлийн медалыг гардуулах юм.
Олимпийн түүхэнд анх удаа хаалтын үйл ажиллагаан дээр эрэгтэй болон эмэгтэйчүүдийн марафоны төрлийн медалыг гардуулах ба уг үйл ажиллагаа нь тамирчид болон үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээх юм. Мөн тэмцээний хуваарьт бага зэргийн өөрчлөлтүүд орж магадгүй.