Өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ хичээлийн жилийн бодлого төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр,
"Энэ хичээлийн жил МУ-ын тогтоолоор батлагдсан боловсролын багц хуулийн жил эхэлж байгаагаараа онцлог. Энэхүү багц хуулиар хот ,хөдөө хувийн, улсын сургуулийн ялгааг арилгах зургаан шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна. Мөн багш бэлдэж байгаа тогтолцоо, багшийн цалин, нийгмийн баталгаа гэх мэт тогтолцооны асуудлыг шинэчилнэ. Монголд өнөөдрийг хүртэл байгаа хуурамч дүнгийн асуудлыг үгүй хийж үнэлгээний тогтолцоог бий болгоно. Ийнхүү боловсролын салбарыг улс төрөөс хараат бус ,мэргэжил дээр үндэслэсэн засаглалын тогтолцоотой болгоно. Мөн цахим шилжилтийг хийнэ.
Боловсролын шинэ сэргэлтийн зөвлөгөөний үеэр МУ-ын ерөнхий сайд мэдэгдэл хийж багш мэргэжлээр сурах оюутны төлбөрийн төрөөс даах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр нь олон нийтийн дунд багагүй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Бид өмнөх жилүүдэд Боловсролын хүртээмжийн асуудалд илүү анхаарч тодорхой үр дүн гарсан. Үүнтэй хэн ч маргахгүй байх гэж бодож байна. Одоо харин боловсролын чанарын асуудалд илүү анхаарч ажиллаж байна.
Чанартай боловсрол гэдэг бол зөвхөн чанартай багш бэлтгэх шүү дээ. Багшийн мэргэжил нь ажлын байран дээр тасралтгүй хөгжиж байх ёстой. Тиймээс дөрвөн жил сурч байгаа оюутны сургалтын төлбөр чухал биш ээ. Дөчин жил ажиллах багшийн үнэлэмжийн асуудал чухал юм. Багшаар сурч байгаа хүүхдүүдийн төлбөрийг төрөөс дааж байгаа нь халамжийн бодлого огт биш. Харин энэ бол төлөвлөж ,тооцоолж хийж байгаа боловсролын шинэчлэл юм. Өнөөдөр Монгол Улс багшийн хомсдолд ороогүй гэдгийг албан ёсоор хэлье. Харин жил бүр сургуульд, цэцэрлэгт элсэх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа тул цогц бодлогын хүрээнд багшаар суралцах оюутны төлбөрийг үнэгүй болгосон юм. Ингэхдээ дурын сургууль багш бэлдэхгүй. Магадлан итгэмжлэгдсэн 20 сургууль багшийг бэлтгэнэ" хэмээлээ.