БНСУ-ыг эрүүл мэндийн аялал жуулчлалын тусламж үйлчилгээ чиглэлээр сонирхон зорьж буй иргэд нэмэгдэх болсон. Энэ утгаараа тус улсад эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжиж буй. Тэгвэл БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас өнөөдрөөс эхлэн буюу наймдугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд “Korea Medical Tourism Festival 2023” (Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Фестиваль) арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа билээ.
Тус фестиваль нь БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас Ковид19 цар тахлаас хойш буюу 4 жилийн дараа зохион байгуулагдаж байгаа хамгийн анхны, хамгийн том экспо арга хэмжээ бөгөөд энэ удаад БНСУ-ын ЭСЯ-ны “Korea Week 2023” арга хэмжээтэй уялдуулан Монгол улсад зохион байгуулагдаж байгаа юм.
Фестивалийн үеэр Солонгосын соёлыг сурталчилан таниулахаас гадна Солонгосын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын талаар мэдээлэл олгож, БНСУ-д эмчилгээний зорилгоор зорчих хүсэлтэй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалт; Солонгос - Монгол хоёр улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагууд хамтын ажиллагааны санал солилцох бизнес уулзалт, хүндэтгэлийн хүлээн авалт гэх мэт арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Арга хэмжээнд БНСУ-ын 9 бүс нутгийн төлөөлөл, аялал жуулчлалын холбоо, 43 эмнэлэг эрүүл мэндийн байгууллага, 5 эмнэлэг зуучлалын агентлагаас 150 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж дотоодын 100 гаруй төлөөлөгчтэй бизнес уулзалт хийн БНСУ руу чиглэлтэй эрүүл мэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг сайжруулж, аялагчдад ая тухтай чанартай үйлчилгээг олгох талаар санал солилцох юм. Түүнчлэн урьдчилан цаг авч бүртгүүлсэн 1000 гаруй иргэнд арьс гоо засал, нүд, шүд, эрүүл мэндийн шинжилгээ, эмэгтэйчүүд, зэрэг чиглэлийн 40 гаруй эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд биечлэн уулзаж мэдээлэл, зөвлөгөө өгөх бөгөөд иргэдэд зориулсан бусад сонирхолтой эвент арга хэмжээнүүд ч зохион байгуулагдах юм байна.
Мөн БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын зүгээс эрүүл мэндийн аялал жуулчлалын бэрхшээлүүдийн нэг болох иргэдийн санхүүгийн бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс Мандал Даатгал ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж Монгол иргэд Солонгос улсад эмчлүүлэхтэй холбоотой даатгалын тусгай бүтээгдэхүүнийг хөгжүүлэн цаашид хамтарч ажиллахаа илэрхийллээ.