Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Намуу: Тэгш, сондгойгоор зорчих шийдвэрийг аргаа барсан арга хэмжээ гэж иргэд шүүмжилдэг. Гэхдээ энэ нь зорчилт хөдөлгөөнд тохирсон зөв менежмент болчихоод байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
9 минут 39 секунд

No description available.

Хичээлийн шинэ жил дөхсөн эл өдрүүдэд нийслэлийн автозамын хөдөлгөөн тэг зогсолтод орох эрсдэл бий болдог. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарч, энэ сарын 26-ны өдрөөс эхлэн 20 хоногийн турш автомашинуудын тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан билээ. Тэгвэл ямар тооцоо судалгааны үндсэн дээр тус түр арга хэмжээг авч байгаа талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, бодлогын хэлтсийн дарга Н.Намуутай ярилцлаа.

-Тэгш сондгойгоор зорчуулах шийдвэр гараад байна. ЗХУТ-өөс энэ чиглэлд ямар тооцоо судалгаанд үндэслэж саналаа хүргүүлсэн бэ?

-Энэ жилийн байдлаар 71575 тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн. Түүний 50 гаруй мянга нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Өөрөөр хэлбэл, 50 мянга шахуу автомашин Улаанбаатар хотод шинээр бүртгэлтэй болсон гэсэн үг. Хоёрдугаарт, хичээлийн шинэ жил дөхсөнтэй холбоотойгоор хичээлийн бэлтгэл ажлын хүрээнд зорчилт хөдөлгөөн нэмэгддэг. Өнгөрсөн долоо хоногийн дунджаар авч үзэхэд, 170 мянган тээврийн хэрэгсэл орон нутгаас нийслэлд орж ирээд байна. Гэхдээ энэ тоог зорчилтынх нь хувиар аваад үзвэл зохиомлоор 500 мянган зорчилт нэмэгддэг. Энэ хөдөлгөөнийг багтаах чадамж Улаанбаатар хотын автозамд байхгүй. Өөрөөр хэлбэл, савандаа багтахгүй болчихсон байх үед нь дээрээс нь нэмээд байна гэсэн үг шүү дээ. Тэгш, сондгойгоор зорчуулах арга хэмжээ бол түр арга хэмжээ гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Энэхүү түр арга хэмжээ нь тухайн үеийн зорчилт хөдөлгөөнд зориулсан зүйл. Гуравдугаарт, өнгөрсөн онд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан тус зохицуулалтыг найм хоногийн хугацаанд хийсэн. Энэ хугацаанд хөдөлгөөний хурд 37.8 хувиар нэмэгдсэн буюу 7-9 км/цагтай хөдөлгөөнд оролцож байсан автомашины хурд 15-20 км/цаг болж өөрчлөлт гарсан. Мөн тээврийн хэрэгслийн тоо 35-46 хувиар буурсан. Эдгээрт үндэслэн түр арга хэмжээг авах саналыг хүргүүлсэн юм.

Ард иргэд хичээлийн шинэ жил дөхөхөөр л аргаа барсан арга хэмжээ авдаг гэж шүүмжлээд байдаг. Гэтэл энэ нь тухайн зорчилт хөдөлгөөнд тохирсон зөв менежмент арга болчихоод байгаа юм. Байнгын зүйл биш гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй.

Би ч ялгаагүй үр хүүхэдтэй. Өдөржингөө зам дээр түгжрэн байж хоёр хоногт ажлаа багтаах аль эсвэл ээлжлэн зорчиж нэг өдөрт ажлаа багтаах гэсэн сонголт. Ингэж хувийн хөдөлгөөн зохион байгуулалттайгаар ажил амьдралаа зохицуулах нь иргэдийн цаг завыг хэмнэж буй юм. Ийм зохион байгуулалтад орж чадвал массаараа түгжрэх эрсдлээс аврагдах боломж учраас ийм шийдвэр гаргасан.

-Хугацааны хувьд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад урт буюу 20 хоног байгаа шүү дээ. Хугацаан дээр ямар тооцоолол байсан юм бэ?

-Тэгш, сондгойгоор зорчуулах нийслэлийн Засаг даргын захирамж энэ амралтын өдрөөс буюу наймдугаар сарын 26-наас эхлэн мөрдөгдөнө. Гэтэл бодит нөхцөл байдал дээр өнөөдөр л гэхэд Нарантуул зах руу чиглэсэн хөдөлгөөн тэг зогсолтод орчихсон байгааг та бүхэн харж болно. Хичэээлийн бэлтгэл ажлыг энэ Бямба гарагаас эхэлнэ гэсэн боловч одоо харахад эхэлчихсэн л байна.

-Хараахан эхлээгүй байгаа үе шүү дээ?

-Тийм ээ. Ирэх долоо хоног ч хичээлийн бэлтгэлийн долоо хоног шүү дээ. Гэтэл яг одоо л гэхэд Нарантуулын зогсоол бүгд дүүрчихсэн. Томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн түгжрэл эхэлчихсэн байна л гэсэн үг. Энэ түгжрэл нэг сарын хугацаанд үргэлжлэх магадлал маш өндөр.

Манайх руу "Ажлаа амжуулж чадахгүй гурван цаг түгжирчихлээ" гээд холбогдож байгаа хүмүүс ч байна. Ийм л нөхцөл байдал үүсээд эхэлчихсэн байна.

Тээврийн хэрэгслийн тоо 70 мянгаар нэмэгдчихлээ. Тэр хэрээр зорчилт хөдөлгөөн ихэсчихлээ. Тэгэхээр энэ арга хэмжээг авахгүй бол бүр илүү түгжирч, аль аль нь ажил амьдралд зарцуулах цаг хугацаагаа зам дээр өнгөрүүлэх учраас энэ бүх судалгаа, тооцоололд үндэслэн 20 хоног гэх хугацааг тогтоосон юм.

-Дөрвөн талдаа бүсчлэлийг тогтоосон байгаа шүү дээ. Бүсчлэлийг шинэчлээд явах нь зөв юм уу. Аль эсвэл та бүхний авч хэрэгжүүлж буйгаар хуучнаар нь тогтоогоод явсан нь дээр юм уу?

-Тухайлбал, 32-ын тойрог бол Чингэлтэйн өргөн чөлөө, Хайлааст гэдэг ч юм уу зуслангаас ирж буй зорчилтыг хоёр задалж байдаг. Магадгүй үүнийг өөрчиллөө гэхэд иргэдийн эрх ашиг улам илүүтэй хөндөгдөнө. Иймд сурч, дассанаар нь иргэдийг явуулахгүй бол шинээр бүсчлэл тогтоовол иргэдийн дунд эргэлзээ бий болж, цаг хугацаа алдагдахад хүргэнэ. Тиймээс түүнээс гарах үр ашиг нь бага байсан учраас энэхүү байршлуудыг хуучнаар нь үлдээсэн.

-Тэгш, сондгойгоор зорчуулах арга хэмжээг ихэвчлэн бүх нийтийн баяр ёслол, хөдөлгөөний эрчим нэмэгдэж үеүүдэд авдаг боллоо. Бараг л шийдэл болоотохлоо. Тэгвэл хичээлийн шинэ жил гэлтгүй бусад үед авч хэрэгжүүлдэг байвал ямар өөрчлөлт бий болох талаар хийсэн судалгаа бий юу?

-Хөдөлгөөн зохион байгуулалтын инженерчлэл талаасаа энэ бол тогтмол авах арга хэмжээ биш. Энэ бол шалтгаанд суурилсан түр зуурын арга хэмжээ. Инженерчлэлийн загвар гаргаад түгжрэл арилгана гэдэг бол өөр хэрэг. Үүнийг цаашид авч хэрэгжүүлбэл хүний нийгэмтэй харилцах харилцаа, хүний эрх чиглэлд хүндээр тусах учраас аль болох уян хатан хувилбараар авч хэрэгжүүлэх нь зөв. Үүнийг барилга байгууламжуудын бүтээн байгуулалт, дэд бүтэц, замын хүртээмж зэрэг асуудлууд шийдэгдвэл энэ мэт түр арга хэмжээг аль болох авахгүй байх талаас нь ажиллана.

Яалтчгүй үнэнд гүйцэгдээд нэг сая 500 мянгуулаа хот дотроо түгжирснээс энэ арга хэмжээ зөв. Нөгөө талаас иргэдийн дунд нэг айл хоёр машинтай болчихоно гэх мэтээр яриа гараад байгаа. Үүний гарц нь нийтийн тээвэр. Нийтийн тээвэр хүртээмжтэй болж, иргэд түүнийг сонгож зорчсоноор заавал тэгш, сондгойгоор зорчуулах шаардлагагүй.

-Тэгш, сондгойгоор зорчуулж буй нь нэг талаараа хүний эрх, өмчид халдсан хэрэг болж байна гэж шүүмжлэх хүмүүс байна. Тооцоо судалгаа, бодит нөхцөл байдлыг ойроос харж судалж байгаа хүний хувьд иргэдэд ямар тайлбар хэлэх вэ?

-Өмнө хэлсэнчлэн бидний автозам өөрөө хоёр литрийн сав байлаа гэж бодьё. Гэтэл Улаанбаатар хотод зорчиж байгаа тээврийн хэрэгсэл "дөрвөн литр". Хоёр литрийн саванд дөрвөн литрийн сүүг яаж хийгээд багтахгүй биз дээ. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа учраас тэгш, сондгойгоор зорчуулах арга хэмжээ авч байгаа. Энэ бол түр зуурын арга хэмжээ. Үүнийг урт хугацааны бодлого болгоод явбал буруу.

Манай улсын нэг сул тал нь жилийн дөрвөн улиралтай учраас инженерийн барилга байгууламж барих хугацаа маш бага байдаг. Тиймээс автомашины импортыг гүйцэх хэмжээний зам, замын байгууламж, өргөтгөл шинэчлэл хийхэд хүндрэлтэй. Түүнчлэн хот төлөвлөлтийн суурь нь буруу.

-Дугаарын хязгаарлалт зорчсон жолооч нарт ЗХУТ камерийн хяналтаар хяналт тавьж байгаа шүү дээ?

-Тийм ээ. Өдөр тутамд мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтууд байгаа шүү дээ. Энэ хязгаарлалтаар өдөрт камерийн хяналтаар хяналт тавьж, илэрсэн зөрчлүүдэд нь торгууль хүргүүлж байгаа. Өдөрт дунджаар 1600-1800 тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт зөрчсөн торгуулийг хаягаар нь илгээж байна. Тэгэхээр иргэд жолооч нар маань ухамсартай байгаад гаргасан шийдвэрийг маань үнэлж ойлгон хөдөлгөөнд оролцоорой.

-Ярилцсанд баярлалаа.

HI SAINUU: Үйлчлүүлэгч өөрийн зорьсон газраа хүрээд “Hi Sainuu” дугуйгаа үлдээж болохоос гадна өвөл, зунгүй ашиглах боломжтой
HI SAINUU: Үйлчлүүлэгч өөрийн зорьсон газраа хүрээд “Hi Sainuu” дугуйгаа үлдээж болохоос гадна өвөл, зунгүй ашиглах боломжтой
 
О.Хангай 2017 оноос хойш өгсөн допингийн шинжилгээнүүдийнхээ хариуг ил болголоо
О.Хангай 2017 оноос хойш өгсөн допингийн шинжилгээнүүдийнхээ хариуг ил болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.