Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

HI SAINUU: Үйлчлүүлэгч өөрийн зорьсон газраа хүрээд “Hi Sainuu” дугуйгаа үлдээж болохоос гадна өвөл, зунгүй ашиглах боломжтой

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
5 минут 19 секунд

"Hi SAINUU" компанийн түрээсийн унадаг дугуйг өчигдрөөс эхлэн иргэд ашиглаж эхэлсэн. Ердөө 1000 төгрөгөөр 15 минутын хугацаанд тус дугуйг ашиглах боломжтойгоос гадна өвөл, хавар, зун, намаргүй түрээслэх боломжтой аж. Түүнчлэн үйлчилгээ авсан иргэд дугуйгаа заавал заасан байршилд байршуулахгүй байж болохоос гадна өөрийн зорьсон газраа үлдээх ч боломжтой аж. Энэ мэт олон олон боломж тус дугуйнд байгаа бөгөөд үүний талаар “Hi Sainuu ХХК”-ийн мэдээллийн ажилтан Л.Урангоотой ярилцлаа.

-Ямар нэг маркеmинг, сурталчилгаагүйгээр гэв гэнэт автобусны буудлууд дээр түрээсийн унадаг дугуйнууд өчигдрөөс эхлэн гарч эхэлсэн. Ямар компани нэвтрүүлж буй талаар ч дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байсан. Тиймээс та юун түрүүнд компаниа танилцуулахгүй юу?

-Манай компани нь “Hi Sainuu" ХХК байгаа. Өчигдрөөс эхлэн иргэдэд дугуйн түрээсийн үйл ажиллагааг нэвтрүүлж эхэлсэн.

-Хэзээнээс эхлэн дугуйн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж эхэлсэн бэ?

-2022 оноос хойш түрээсийн дугуйн үйлчилгээний талаар төлөвлөгөө гаргасан. Манай компани энэ оны долоодугаар сард байгуулагдсан. Эхний ээлжинд туршилтын журмаар 1000 ширхэг дугуй оруулж ирээд байршуулсан байгаа.

Түүнчлэн дугуйг маань түрээслэх гэж буй иргэд аппликейшнээсээ бүсчлэл, дугуйн байршил зэрэг мэдээллүүдийг авч болно. Мөн бид бүхэн цаашид 100 мянган дугуйг үйлчилгээнд нэвтэрүүлэх боломжтой гэж харж байгаа. Түүнээс гадна одоогоор аппликейшн хөгжүүлэлт болон бусад хөгжүүлэх шаардлагатай зүйлсдээ анхаарч байна.

-Туршилтын хугацаа дөнгөж эхэлж байгаа юм байна. Ер нь хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ?

-Гураваас таван сарын хугацаанд үргэлжлүүхээр төлөвлөсөн.

-Хүмүүс дугуйг улирлын чанартай гэж боддог шүү дээ. Бас тун удахгүй хүйтний улирал эхэллээ. Тэгэхээр дугуй түрээсийн үйлчилгээ нь өвлийн улиралд хэрхэх бол?

-Тийм. Олон нийт түрээсийн дугуйны үйлчилгээг улирлын чанартай гэж харж байгаа. Гэхдээ манай компани үйлчилгээгээ улирал харгалзахгүй гэж үзэж байгаа.

-Түрээсийн дугуйн үйлчилгээ ямар давуу талтай вэ?

-Түрээсийн дугуйн үйлчилгээ маань хүүхэд залуучуудад чиглэсэн. Хотын түгжрэлийг тодорхой хэмжээнд багасгахад хувь нэмэр оруулна. Мөн иргэдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө гэх мэт давуу талтай. Түүнээс гадна хүүхдүүд гар утасны интернет банк ашигладаггүй учраас эцэг, эх нь аппликейшныг нь цэнэглээд өгөх боломжтой. Тиймээс энэхүү үйлчилгээ маань хүн бүрт хүрэх боломжтой юм.

-Үнийн хувьд их уян хатан байгаа талаар иргэд хэлж байна лээ. 15 минут тутамд 1000 төгрөг авж байгаа. Үнийн дүн цаашид өөрчлөгдөх үү?

-Туршилтын хугацаандаа үнийн дүн өөрчлөгдөхгүй. Харин туршилтын хугацаа дуусахад ямар нэг байдлаар үнийн дүн өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй юм.

-Нийслэл хотод дугуйн зогсоолын хүрэлцээ муу байдаг шүү дээ. Одоогоор автобусны буудлын хажууд эгнүүлэн тавьсан байгаа. Ер нь дугуйн зогсоолыг хэрхэн шийдэх төлөвлөгөөтэй байна?

-Дугуйн үйлчилгээ явуулахад дугуйн зогсоолуудыг байршуулах бүрэн боломжтой. Туршилтын хугацаа явагдаж байгаа учраас дугуйгаа байршуулах боломжтой бүх газруудыг дугуйн зогсоолой болгох төлөвлөгөөтэй байгаа. Эхний ээлжинд автобусны буудалууд дээр байршуулсан байгаа.

-Бүсчлэлийн хувьд мэдээлэл өгөхгүй юу?

-Аппликейшн дээрээс харагдах улаан зураасаар бүсчлэлийн хэсгийг тэмдэглэсэн байгаа. Дөрөвдүгээр цахилгаан станцаас эхлээд 32-ын тойрог хүртэл хотын төв дотороо бүсчлэлтэй байгаа.

-Jet скүүтерийг байршуулж эхлэхэд хулгайд алдах тохиолдол гарч байсан. Магадгүй түрээсийн дугуйг ч мөн хулгайд алдах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Энэ тал дээр хэрхэн сэргийлж байгаа вэ?

-Хулгайд алдах эрсдэл цөөнгүй гарах байх. Дугуй маань бүгд GPS-тэй учраас бүх дугуйгаа хаанаас ч олж авах боломжтой. Түүнээс гадна GPS-ыг нь салгасан тохиолдолд ашиглах боломжгүй. Тиймээс хулгайд алдах эрсдэл бага байх.

-Бүсчлэл дотроо дугуйгаа унаад заавал ойролцоох байршлуудад үлдээх шаардлагатай юу?

-Хэрэглэгчид нэг буудалаас дугуйгаа авсан бол зорьсон газараа хүрээд бүсчлэл дотороо үлдээсэн тохиолдолд бид өөрсдөө дугуйнуудаа буцаагаад авна. Энэ нь заавал дугуйгаа ашиглаад тодорхой заасан газар тавих шаардлагагүй гэсэн үг. Харин хамгийн их хүсэж байгаа зүйл маань шинээр нэвтэрч байгаа үйлчилгээ учраас иргэд соёлтой, гамтай хэрэглээсэй гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Улаанбаатарт 21 хэмийн дулаан, бороо орохгүй
Улаанбаатарт 21 хэмийн дулаан, бороо орохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.