-ТАХЛЫН ҮЕИЙН ХАРЬД ХАЯГДСАН МОНГОЛЧУУД ЖАГСАЖ БАЙНА-
Европын 10 гаруй улсад гацсан 2500 гаруй иргэд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлж ээлж дараалан жагсаал цуглаан зохион байгуулсаар байна. Тодруулбал, Англи, Ирланд, Унгар, Герман, Франц, Латви, Швед зэрэг орнууд багтаж байна. Эдгээрээс Бүгд Найрамдах Ирланд Улс (БНИУ) дахь жагсаалаас бэлтгэсэн мэдээллийг онцлон хүргэе.
БНИУ-аас эх орондоо буцах хүсэлтээ иргэд нэгдэж “Ирландаас ярьж байна” тайван жагсаалыг тус улсын нийслэл Дублин хотын төв талбайд зохион байгууллаа. Энэ ч үүднээс сургуулиа төгссөн оюутан залуус болон түр хугацаагаар зочлох визтэй очсон иргэд хил хааснаас хойш нийт 5 сарын хугацаанд тус улсад гацаад байгаа юм. Энэ хугацаанд тус улсаас нийтдээ 10 иргэн тусгай үүргийн онгоцоор эх орондоо буцсан байна. Харин Ирланд улсаас монгол буцах хүсэлтэй иргэд фэйсбүүк групп байгуулж нэгдсэнээр өнөөдөр ийнхүү тайван жагсаалыг зохион байгууллаа. Зохион байгуулагчдын зүгээс тус улсаас чартер нислэгт хамрагдах иргэдийн тоо бага байгаад бухимдалтай байгаа бөгөөд энэхүү тайван жагсаалаараа тэд Европ руу үйлдэх нислэгийн тоогоо нэмэгдүүлэх мөн чартер нислэгийн үнийг хямдруулах болон бусад шаардлагуудыг холбогдох байгууллагуудад хүргэхийг зорьжээ. Жагсаалд оролцогч зарим иргэдийн яриаг товчлон хүргэе.
ИРГЭН Д.ОЧГЭРЭЛ:
Би нэгдүгээр сарын 9-нд Ирланд улсад түр хугацааны зочлох визтэй ирсэн. Өнөөдрийг хүртэл өөрийнхөө дансыг хоослоод өрөөлийн данс руу ороод аргацааж байна. Миний хувьд санхүү болон эрүүл мэндийн асуудалтай, богино хугацааны виза дууссан гээд нутаг буцах хүсэлтээ гаргаж чартер нислэгт багтахаар холбогдоогүй, хүсэлт гаргаагүй газар гэж үнэндээ алга. Иргэд чинь туйлдаж байна.
Монгол төр гадаадад олон сар гацсан иргэдийнхээ санхүүгийн дарамтаас хуваалцахыг шаардаж байна.
ИРГЭН Б.БОЛД-ЭРДЭНЭ:
Европын 10 гаруй улсад гацсан нийт 2500 гаруй иргэдийг огт анхаарахгүй байна. Хил хааснаас хойш өнгөрсөн 4 сарын хугацаанд 3-хан чартер нислэг ирсэн 2500 гаруй хүн дунд шүү дээ. Жишээ нь миний байгаа Ирланд улсаас хил хааснаас хойш 10хан хүн л монгол буцсан байна. Сүүлийнх дээр ганцхан хүн авсан. Гэтэл эндээс 100 орчим иргэд буцах хүсэлтэй өгөөд 5 дахь сартайгаа золгоод хүлээж сууна. Бусад европын орнуудаас мөн адил дунджаар 1-8 хүн л багтаж байна.
Европ руу үйлдэх нислэгээ нэмэгдүүлэхийг бид шаардаж байна.
ИРГЭН Б.УНДРАХ:
Сургалтаар ирээд 3 сард буцах байсан боловч гацсан. Үнэхээр бухимдалтай байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд төр засгаас авч хэрэгжүүлж байгаа энэ худлаа шийдвэрүүдийг хараад үнэхээр бухимдаж байна. Хэнд нь үйлчлээд хэнд үйлчилдэггүй дүрэм журам бэ! Шударга бус байна монгол төр, ил тод бус байна УОК. Харийн нутагт иргэд чинь үхэж байхад та нарын тэр шийдвэрүүд хэнд хэрэгтэй юм бэ!
Монгол төр шударга, ил тод байхыг шаардаж байна.
Бид төрийнх нь үндсэн хууль нь иргэнээ хамгаалдаг ТЭГШ ялгаваралгүй хууль нь үйлчилдэг хүмүүнлэг, ардчилсан нийгэмд амьдрахыг хүсч байна.
ИРГЭН Б.УРАНСАЙХАН:
Би жирэмсэн. Сургалтаар ирээд 4 сард буцах байсан. Өдөр ирэх тусам л хэцүүдэж байна. Ирланд их өндөр өртөгтэй улс. Богино хугацааны визтэй бас дээр нь визны хугацаа дууссан. Жирэмсний хяналтанд ороогүй, эрүүл мэндийн үйлчилгээ одоо болтол авч чадаагүй байна. Ажил олж хийе гэхээр виза дууссан мөн энэ улсад 600 мянга гаруй хүн ажилгүй болсон гэж сонссон. Надад ч ажил олдсонгүй. Чартер нислэг бүрт л хүсэлтээ өгдөг ч одоог хүртэл багтаж чадаагүй л байна.
МИАТ компанийг нислэгийн үнээ бууруулж энгийн үнээр үйлчлэхийг шаардаж байна.
ИРГЭН Г.БАЯРЦЭЦЭГ:
Би оюутны визтэй. Энэ 5 сард виз маань дууссан. Хоёр үрдээ очих гээд 3 сард буцах тийзээ авсан байсан. Өдөр бүр л ээжээ онгоц ирээд байна та яагаад ирэхгүй байгаа юм бэ? гэж асуух үрсээ хараад үнэхээр нулимсаа барьж дийлэхгүй юм. Үнэндээ л энэ төр засгийн харгис шийдвэрт гомдох зэвүүцэх зэрэгцэж байна. Ирланд улсаас нийтдээ 10хан хүн нутаг буцсан байна.
Ирланд улсаас авах иргэдийнхээ тоог нэмэгдүүлэхийг шаардаж байна.
ИРГЭН Ч.УЯН:
Би энэ хавар сургуулиа төгссөн. Ирланд улсын засгийн газраас түр хугацааны визтэй иргэдийн визны хугацааг 2 үе шаттайгаар 3.20-5.20, 5.20-7.20ны хүртэл автоматаар сунгахаар шийдвэрлэсэн. Харин өчигдрийн шийдвэрээр 7/20-ны өдрөөс хойш дахин сунгахгүй болохоо мэдэгдсэн. Тиймээс бид 7 сарын 20-ноос хойш хараар буюу бичиг баримтын зөрчилтэй иргэдийн тоонд орохоор болоод байна.
Монгол Улс иргэддээ хилээ нээхийг шаардаж байна.
Ирланд улсын хувьд ковид-19 халдварын анхны тохиолдол 2 дугаар сарын 27-нд бүртгэгдэж байсан ч тус улсын засгийн газраас яаралтай алхмуудыг авч хэрэгжүүлснээр хүндхэн үеэ ардаа орхиж “Бид цар тахлын хоёр дахь давлагаанд бэлэн” хэмээн Ерөнхий сайд Врадкар мэдэгдэж хорио цээрийн дэглэмээ үе шаттайгаар сулруулсаар эргэн хэвийн амьдралдаа орсон байна. Гэсэн хэдий ч эх орондоо буцах хүсэлтэй монгол иргэдийн хувьд өдөр хоног өнгөрөх тусам нөхцөл байдал хүндэрсээр байгааг “Ирландаас ярьж байна” тайван жагсаалд оролцогчид хэлж байлаа.
Ташрамд дурдахад тэд Европт гацсан иргэдтэй цахимаар нэгдсэн байна. Тэдний зүгээс албан бичгээр шаардлагуудаа УОК болон холбогдох бүх шатны байгууллагуудад хүргүүлсэн гэлээ. Цаашид энэ тал дээр яаралтай арга хэмжээ авч ажиллахгүй аваас тухайн оршин суугаа улс орнуудынхаа Гадаад хэргийн яам болон хүний эрхийн холбогдох байгууллагуудад хандаж улмаар төрийн ордных нь гадаа суулт хийхээр дараа дараагийн үйл ажиллагаагаа төлөвлөжээ.