Монгол улсыг зорин ирж буй тэр дундаа “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох гадны тамирчид, дасгалжуулагч, хүндэт зочид болон бусад албаны хүмүүс Монгол улсад ирсээр байгаа юм. Өнөөдөр буюу 8-р сарын 14-ны өдөр Япон, Бүгд найрамдах Солонгос улс болон Хятадын Тайвань, Хятадын Хонг Конг гээд нийт 4 Үндэсний Олимпын Хороодын 170 гаруй тамирчид, дасгалжуулагч болон албаны хүмүүсийн хамтаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо газардана.
Япон улсаас тус улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Ямашита Ясүхиро болон наадамд оролцох жүдо бөхийн 4 тамирчны хамтаар ирэх бол Хятадын Тайваны Үндэсний Олимпын хорооноос ширээний теннис, бадминтон, хөлбөмбөг болон Э-Спорт, жүдо гээд нийт спортын 5 төрөлд өрсөлдөх тамирчид ирнэ. Түүнчлэн тус багийн хамтаар ЗАОХ-ны байнгын хорооны 2 гишүүн манай улсад ирэх юм.
ЗАОХ-ны байнгын хорооны дарга Чан Жулиан Хятадын Хонконгын тамирчдын хамтаар ирхээр зэхэж байна. Маргааш орой ноён Чан Жулианы хамтаар волейбол, хөлбөмбөгийн тамирчид ирэх бол тэдэнтэй хамт нэг онгоцоор Бүгд Найрамдах Солонгос улсын олимпын хороог төлөөлж бадминтон, ширээний теннис болон жүдо бөхийн тамирчид ЗАОХ-ны гишүүн Парк Ингүгийн хамтаар ирэхээр зэхэж байна.
Сонирхуулж хэлэхэд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн наадам оролцох баг тамирчид болон хүндэт зочдыг угтах ажилд ЗБХ-ны ажилтнуудаас гадна 120 орчим сайн дурын ажилтнууд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд ажиллаж байна.
Энэ дашрамд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахад хамтран ажиллаж буй ивээн тэтгэгчид болон хамтран ажиллаж буй байгууллага, хувь хүмүүс, сайн дурын ажилтнууддаа талархал илэрхийлье.