Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Эрдэнэбулган: Орхон аймгийн 17-р сургуулийн II байрны засварын ажлын тендер авсан компани алга болж, 500 гаруй сурагч хичээллэх газаргүй боллоо

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
8 минут 13 секунд

Тун удахгүй 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Харамсалтай нь Орхон аймгийн 17-р сургуулийн 500 гаруй сурагч энэ хичээлийн жилд хаана суралцахаа мэдэхгүй хүндхэн нөхцөл байдалтай байгаа юм. Учир нь тус сургуулийн өртгөтгөл 2020 онд ашиглалтад орсон ч 2021 оны хичээлийн шинэ жил дөнгөж эхэлж байхад цууралт өгч, улмаар сурагчид Соёлын төвийн байранд түр суралцаж байжээ.

Гэвч дахин 800 гаруй сая төгрөгийн тентер зарлаж, энэ наймдугаар сарын 15-ны өдөр барилгыг хүлээлгэн өгөхөөр засвар, шинэчлэлт хийхээр тендер авсан компани ч мөн ор сураггүй алга болсон байна. Иймд уг асуудлаар Орхон аймгийн Даваат багийн Засаг дарга Х.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-17-р сургуулийн хоёрдугаар байр гэдэг нь тус сургуулийн өргөтгөл үү. Хэзээ анх ашиглалтад ороод хэзээнээс цуурч эхэлсэн юм бэ. Мэдээлэл өгөхгүй юу?

-2015 онд 17-р сургуулийн өргөтгөлийн зураг төсөл гарч, 2016 онд баригдсан юм. Тухайн үед "Урагшлах" ХХК тус өргөтгөлийг барьж, 2020 онд ашиглалтад орсон байдаг. Ингээд 2020-2021 оны хичээлийн жил сургуулийн өргөтгөлд хүүхдүүд маань хичээллэж байсан ч 2021-2022 оны хичээлийн жил дөнгөж эхлээд буюу есдүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн анхны нуралт үүссэн.

Гэтэл яагаад нуралт өгч, цууралт үүссэн бэ гэхээр тухайн компани нь барилгын доод талын цутгалтыг хайргаар биш хар шороогоор хийснээс үүдсэн юм билээ. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагаас дүгнэхдээ "Ашигласан байгууллагын буруутай ажиллагаанаас үүссэн" гэж дүгнэсэн байна лээ. Энэ бол маш учир дутагдалтай дүгнэлт байгаа юм. Учир нь ямар нэг борооноос бас бусад хүчин зүйлээс үүссэн цууралт биш. Тиймээс Орхон аймгийн зүгээс "Урагшлах" компанийг шүүхэд өгсөн байгаа.

-Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ. Цууралт үүссэнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна?

-Өнгөрсөн жил өргөтгөлийн зураг төслийг "Орхон констракшн" гэдэг компани хийсэн юм билээ. Гэвч зураг төсөлдөө тус компани "Хөрс бэхжүүлэх арга" гэх зүйлийг ашиглана гэж тусгасан байсан. Энэ нь барилгын дор хөрсний бэхжилтийг хийдэг тусгай бодис ашиглах ёстой байдаг юм байна. Үүнийг нь Монгол Улсын хэмжээнд цэцэрлэг, сургуулийн барилгад ашиглаж байсан нэг ч тохиолдол байхгүй.

Түүнчлэн өнгөрсөн онд дахин 800 гаруй сая төгрөгийн тендер зарлагдаж, "АСУТ констракшн" гэх компани авсан.

-Цахим орчинд байгаа мэдээллээр тус компанийг ч мөн барилгын ажлыг хийхгүй, алга болсон гэх мэдээлэл байсан?

-Энэ компани нь ерөнхийдөө нуралт өгсөн хэсгийг нь буулгаж, шинээр өрсөн. Мөн шалны цөмөрсөн хэсгийг шинээр ухаж, арматур зангидаж, дахин цутгалт хийсэн юм билээ. Гэвч одоогийн байдлаар "АСУТ констракшн" компаниас материал нь орж ирэхгүй, хил гааль дээр гацчихсан гэж 2023 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс хойш ярьж байгаа.

Тухайн компани нь гүйцэтгэлийн мөнгөнийхөө 60 хувийг авчихсан. Гэвч одоогийн байдлаар утсаа авахгүй, ямар нэг холбоо барихгүй алга болчихсон байдалтай байна. Тиймээс аймаг сумын төлөөлөгчид болон багийн засаг дарга нар бүх шатанд хандчихсан байгаа.

Мөн Орхон аймгийн Барилга захиалагчийн албанаас өчигдрийн байдлаар "АСУТ констракшн"-тай холбогдож үргэлжлүүлэн ажиллах эсэхийг тодруулсан байсан. Гэтэл тус компаниас "Зураг төслийг нь өөрчлүүлбэл хийж болно" гэх зүйлийг ярьсан байна лээ.

Тиймээс хамгийн чухал нь зураг төслийг нь гаргасан "Орхон констракшн" компани "Барилгын зураг төслийг өөрчлөх боломжгүй. Мөн хөрс бэхжүүлэх ажлыг Монгол Улсад ямар компани хийж гүйцэтгэдэг вэ гэдгийг ч зааж өгсөн" гэх хариуг илгээсэн. Үүнээс үзэхэд ашиг сонирхлын зөрчил байна уу даа гэсэн хардлага төрж байгаа юм.

Орхон аймгийн Барилга захиалагчийн албанаас тухайн хөрс бэхжүүлэх ажлыг хийдэг компанид хандсан, тухайн компани ирж үзье гэсэн хариу өгсөн байгаа юм билээ. Харин "АСУТ констракшн" огт байхгүй болчихсон. Бид бас л хуулийн байгууллагад хандсан. Ямар нэг арга хэмжээ авах байх гэсэн хүлээлттэй байна.

-Хоёрдугаар байр нь хаана байрладаг юм бэ. Хичээлийн нэгдүгээр байртай ойролцоо байдаг уу. Мөн хичнээн хүүхдийн багтаамжтай байсан юм бэ?

-Яг нэгдүгээр байрны хажууд байрладаг. Тус байранд хоёр ээлжээр ЕБС-ийн 500 гаруй хүүхэд, цэцэрлэгийн 70 гаруй хүүхэд хичээллэх хоёр боломжтой юм. Мөн уг сургууль нь захын гэр хороололд байрладаг сургууль. Энэ сургууль Даваат болон Шанд багийн хүүхдүүд хамт суралцдаг.

-Өнгөрсөн жилүүдэд хүүхдүүд хаана суралцаж байсан юм бэ?

-Өнгөрсөн хоёр хичээлийн жилд хүүхдүүд маань Соёлын төвд хичээллэж байсан. Соёлын төв нь мэдээж зориулалт нь өөр учир хүйтэн, хүүхдүүдийн тав тухыг хангасан зүйл байхгүй, агааржуулалт муутай.

Гэтэл Соёлын төвийнхөн маань өөрсдөө үйл ажиллагаагаа явуулах гэхээр сургуулийн хүүхдүүдийн хичээл орж байдаг. Тиймээс өөрсдийнхөө үйл ажиллагааг ч бүрэн гүйцэтгэх боломжгүй ийм л нөхцөл байдалтай байгаа юм.

-Тэгэхээр ойролцоогоор 500 гаруй хүүхэд Соёлын төвийн байранд хичээллэж байсан гэсэн үг үү?

-Ерөнхийдөө бол хоёр ээлжээр ахлах ангийнхаа сурагчдыг Соёлын төвдөө хичээллүүлдэг байсан. Гэхдээ нэгдүгээр байрандаа хүүхдүүдээ их шахаж оруулсан.

-Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэллээ шүү дээ. Тэгэхээр энэ хичээлийн жилд ч гэсэн сурагчид нь Соёлын төвийн байранд хичээллэх юм байна тийм үү?

-Соёлын төв энэ жилээс эхлээд хүүхдүүдийг хичээллүүлэхгүй гээд анги танхимаар ашиглаж байсан өрөөнүүдээ бүлгийн өрөө болгоод тохижуулчихсан байгаа. Яагаад гэвэл өргөтгөлийн засвар шинэчлэлийн ажил наймдугаар сард дуусна гэж барилгын компани мэдэгдэж байсан болохоор Соёлын төвөөс өөрсдийнхөө ажлыг гүйцэтгэсэн хэрэг юм.

-Одоогийн байдлаар хариуцсан компаниуд бол ямар нэг гүйцэтгэсэн зүйлгүй, хариуцлага хүлээсэн ч зүйлгүй байгаа юм байна шүү дээ?

-Тийм. "АСУТ констракшн" бол энэ наймдугаар сарын 15-ны өдрийн дотор ашиглалтад оруулна гэж тендер авсан ч одоо сураггүй байна. Угтаа бол хүлээлгэж өгөх хугацаа дуусчихсан.

-Тэгэхээр цаашид ямар арга хэмжээ авъя гэж бодож байна?

-Одоогийн байдлаар хууль, хяналтын байгууллагаар л явж байна. Гэхдээ эхнээсээ "АСУТ констракшн" богино хугацаанд тус ажлыг гүйцэтгэнэ гэж тендерт оролцоод шалгарсан учраас цаг хугацаанд хийж өгөх ёстой. Гэтэл бодисоо ч оруулж ирж чадахгүй, хийж ч чадахгүй байгаад байгаа юм.

-Ярилцлсанд баярлалаа.

ДИИИИД: Эхнэр, хүүхдэдээ гар хүрдэг залуус манай бичлэгээс өөрсдийгөө олж хараад ганц ч гэсэн зүйл ухаарч бодвол бидний зорилго биелж байгаа нь тэр
ДИИИИД: Эхнэр, хүүхдэдээ гар хүрдэг залуус манай бичлэгээс өөрсдийгөө олж хараад ганц ч гэсэн зүйл ухаарч бодвол бидний зорилго биелж байгаа нь тэр
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.