Баянзүрх дүүрэгт үүссэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор Дарь-Эх, Цагаан даваа, Жамсран уул орчмын зарим өрхийн цахилгаан хангамжийг сэргээж байна. Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн диспетчерийн албаны дарга Б.Даваанямаас тодрууллаа.
-Өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн дөрвөн шугам буюу 142 дэд станцын 6870 хэрэглэгчийн эрчим хүч тасарсан. Одоогийн байдлаар 85 дэд станцын 3184 хэрэглэгчийг цахилгаанд холбоод байна. Үлдсэн хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээхээр ажиллаж байгаа. Мөн 0.4 кВт-ын тулгуур унасан гэмтэл олон бий. Түүнчлэн айл өрхийн цахилгааны шитүүд, гурван дэд станц усанд автсан. Усыг соруулах ажил хийж байна. Нийт 58 хүн 18 машин, механизмтай цахилгааны гэмтэл саатлыг засахаар ажиллаж байгаа бөгөөд үзлэг хийж байна. Эхний ээлжид гэмтэлтэй хэсгээ засварлаж байгаа гэлээ.