УОК-оос үерийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-аас "Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, ААН-үүдийг нүүлгэх чиглэлийг аймаг, орон нутгийн Онцгой комисст өгсөн. Одоогоор нийслэл хотод зарим айл өрхийг нүүлгэн шилжүүлж байгаа. Их хэмжээний санхүүжилтийг тухай бүрд нь яаралтайгаар шийдээд явж байна" гэв.
Шадар сайд С.Амарсайхан "Үерийн далан сэргээх асуудал, хоолой шугамд алдаа дутагдалтай зүйл байгаа. Хот төлөвлөлттэй холбоотой. Энэ ажлыг шинэчлэх ажлыг Долоодугаар сарын 05-ны өдрийн ЗГ-ын хуралдаанаар дахин далан шугамыг стандартын дагуу хийх үүрэг өгсөн. Мөн түүнчлэн ард иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж зөвлөгөөг сонсож ялангуяа цаг уурын байгууллагаас өгч буй мэдээнд ач холбогдол өгч, ажил хөдөлмөр, амралт зугаалгаа зөв зохион байгуулж, ус, үерийн асуудлаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн бүх шатандаа стандартыг бүрэн хэрэгжүүлдэг байх, шуудуу сувгаа чанартай, зөв хийдэг байх хэрэгтэй. Мөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсын ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дагуу авран хамгаалах, эрэн хайх ажиллагааг хийж байна" хэмээв.
Харин ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Үерт өртсөн айл өрхийг гэртэй болгох ажлыг УОК-той хамтран зохион байгуулан ажиллаж байна. Мөн халамж нэн шаардлагатай байгаа айл өрхөд тусламж үзүүлэх, бусад төрлийн халамжид хамруулах ажлыг түр хугацаанд болон урт хугацаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг холбогдох газрууд хийж байна" гэлээ.