Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид, нийт 377 хүнд коронавирусний шинжилгээ хийснээс 374 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван иргэнд коронавирус илэрлээ.
Долдугаар сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирж Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүний хоёр дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр 22 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй, 21 настай эрэгтэй нарыг Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д авчирч байгаа.
Бусад шинжилгээний хариуг задалбал ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 292 хүний шинжилгээ, тандалтын гурван сорьц, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 65 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. ОХУ-аас ирсэн оюутнууд 45-55 хоног хэвтэн эмчлүүлж эдгэрлээ. Ингээд МУ-д коронавирусний батлагдсан тохиолдол 230 боллоо. Үүнээс 202 иргэн эдгэрсэн байна. ХӨСҮТ-д одоо 28 хүн эмчилгээнд байна.