Өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд "Капитал" банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нарт холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс А.Ариунболдыг гэм буруутайд тооцон, хохиролд 5.3 тэрбум төгрөгийг гаргуулж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ял оноосон байдаг.
Мөн уг хэрэгт Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарыг “Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан... хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс... их хэмжээний хохирол учруулсан“ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шүүсэн тэдний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн юм.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, “Капитал” банк, шүүгдэгч А.Ариунболдын өөрийн болон түүнтэй хамааралтай компаниудын нэр дээрх хөрөнгийн битүүмжлэлийн зарим хэсгийг чөлөөлснийг өөрчлөн, битүүмжлэлийг хэвээр үлдээж, хохирол барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хороо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарыг цагаатгасантай холбогдуулан тэдний эд хөрөнгийн битүүмжлэлийг чөлөөлсөн өөрчлөлтүүдийг тус тус оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.