Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 25 байгууллага 658 арга хэмжээ хэрэгжүүлэхээс хэрэгжилт 60 хувьтай байгаа юм. Улс, нийслэлийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 19 байршилд дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх бөгөөд энэ ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс буулгах ажил 94.6 хувьтай байгаа бол гарааш буулгах ажил 61.3 хувьтай байна. Түүнчлэн “Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа юм. Энэ жил 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар болсон бөгөөд 10-ынх нь зураг төслийг хийсэн, 30 байршлын архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталжээ.
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хамгийн тулгамдсан асуудал нь хүний нөөц
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр "Их засварын ажил 64, урсгал засварын ажил 44 хувьтай байна. Он гарснаас хойш 307 мэргэжилтэн, ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь хамгийн их тулгамдаж байгаа асуудал. Нийслэлд хувийн орон сууцны 68 контор үйл ажиллагаа явуулж байгаа. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын орон сууц 49, хувийн орон сууцууд 51 хувийг эзэлж байна. Таван орон сууцны контор буюу 10 мянга гаруй өрх манай газарт шилжин ирж байгаа. Эдгээрийн олонх нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцууд байгаа тул цаашид энэ чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй байна" гэв.
Хотын дарга нийтийн аж ахуйн салбараа орхигдуулж болохгүй, энэ чиглэлд анхаарал хандуулах, хүний нөөцийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг онцоллоо.
Гол усны аюулд өртөж болзошгүй хоёр иргэнийг аврав
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням "Долоодугаар сарын 17-23-нд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 26, аврах ажиллагааны долоо, үерийн 254 удаагийн дуудлагаар ажилласан бөгөөд дээрх дуудлагыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 76.9 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх хугацаанд гал түймрээс 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 27 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар 3809 иргэнийг амь насыг аварч ажилласан. Он гарснаас хойш объектын гал түймрийн 1014, аврах ажиллагааны 300, нийт 1314 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу давхардсан тоогоор 231 алба хаагч, 29 техниктэй үүрэг гүйцэтгэж, гол усны аюулд өртөж болзошгүй хоёр иргэнийг аварсан" гэв.