Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОМИЛОЛТ: Нэг зуунд амьдарч байгаа ч нэг алхмаар түрүүлж буй БНХАУ-ын ТУРШЛАГА

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 25 секунд

ЦУВРАЛ 1: "Сэтгүүлчийн үг"

Шинэхэн сэтгүүлчийн анхны томилолт, БНХАУ-ын таван муж хотыг зорих томоохон завшаан олдов. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс 30 сэтгүүлчийг нэг баг хамт олон болгож, цар тахлын үеийн дараах томилолтоо ийнхүү зохион байгуулав. Гэхдээ цар тахлаас хойш БНХАУ-д анхлан зохион байгуулж буй хамтарсан сурвалжилга энэ аж.

Тодруулбал, Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтын ажиллагааныхаа хүрээнд “Хятадад уулзъя, Шинэ зуунтай танилцъя” хамтарсан сурвалжилгыг 10 өдрийн турш амжилттайгаар зохион байгууллаа. Энэхүү хамтарсан сурвалжилгыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад сурталчилгааны газрын дэд дарга Гэрэлтээр ахлуулсан баг хамт олон удирдан зохион байгуулсан бөгөөд БНХАУ-ын 20 сэтгүүлч мөн МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын 30 сэтгүүлч хамрагдан, томоохон хэмжээний уулзалт бас цаашдын хамтын ажиллагааны гүүрийг тавьж өгсөн юм.

БНХАУ, ӨМӨЗО, ХӨХ ХОТ

"Та бүхнийгээ баярлан угтаж байна" хэмээх сэтгэлд дотно үгсээр ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн салбарын баг хамт олон хийгээд хамтарсан сурвалжлагын бие бүрэлдэхүүн Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлч, зураглаачдыг угтан авав. Бидний сурвалжилгын эхлэл ийнхүү тавигдаж, Шинэ зуунд алхаж буй хэмээн нэрийдэх БНХАУ-ын хөгжил дэвшлийг нүдээр үзэх бас дээр нь туршлага судлах алтан боломж үүд хаалгаа нээсэн нь энэ.

Хилийн дээс анхлан алхаж буй шинэхэн сэтгүүлч надад бүх зүйл сонин бас содон мэт санагдана. Бараг л БНХАУ-ын хилийн дээсээр гишгэснээс хойш ногоон байгууламжийг уйгагүй бүтээсэн нь хамгийн их анхаарал татаж бас битүүхэн атаархал төрүүлэв. Хээр талд ч тэр хотын төвд ч тэр хаашаа л харна ногоон байгууламжаар улсаа "ӨНГӨЛЖЭЭ". Байгаль цаг уурын хувьд чийглэг, дулаан болоод ч тэр үү олон төрлийн ургамал ургахад тохиромжтой аж. Түүнээс гадна олон жилийн өмнөөс ногоон байгууламждаа анхаарал хандуулсан нь нүдэнд илхэн бөгөөд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн үндсийг мод зүлгээр бий болгосон гэж ойлгож болохоор байв.

Миний мэдэхээр БНХАУ бол техник технологийн хувьд асар хурдацтай хөгжиж буй орон. Тэр ч утгаараа технологийн дэвшлээр хэдийнээ "ТАСАРЧИХСАН" гэхэд хилсдэхээргүй болжээ. Учир нь хамтарсан сурвалжилгын хүрээнд бид БНХАУ-ын Шанхай хот, Жянсү мужийн Сүжөү хот, Наньтун хот, Наньжин хотуудаар аялаж, техник технологийн дэвшил болон эртний үнэт түүх, өв соёлын дурсгалт олон газраар зочилж, сурвалжилга бэлтгэж, БНХАУ-аас суралцах боломжтой бүхий л зүйлсийг соргогоор ажиглаж байв.

Ганцхан жишээ дурдахад, БНХАУ-ын зарим муж, хотод эмч биш техник буюу робот өөрөө томоохон хагалгаа хийх боломжтой болсон байлаа. Учир юун гэвэл Шанхай хотод байрлах "Жанжяний "Бичил хагалгааны" эмнэлгийн тоног төхөөрөмж" /MicroPort/ үйлдвэрлэх компани алсаас буюу зөвхөн эмчийн заавраар удирдах боломжтой хагалгааны төхөөрөмжүүдийг зохион бүтээсэн бөгөөд нэг хотоос өвчтөн зөөх, нөгөөн хотоос эмчийг авч ирэх шаардлагагүйгээр алсын зайнаас хагалгаа хийх боломжийг нээж, техник технологийн өвөрмөц шийдлийг зохион бүтээсэн байв.

Энэ бол зөвхөн эхлэл нь. MicroPort нь зүрх судас, электрофизиологи, зүрхний хэмнэлийн менежментийн систем, яс болон зөөлөн эдийг нөхөн сэргээх технологи, аорт болон орчны хөндийн өвчин, тархи, мэдрэлийн системийн эмгэгийг хамарсан эмчилгээг роботоор дамжуулан хийх боломжийг ч мөн бий болгосон бөгөөд өөр олон өвөрмөц роботыг зохион бүтээх төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн бидний мөрөөдөөд ч бүтээж чаддаггүй хурдны галт тэрэг аль хэдийн Хятадын ард түмний өдөр тутмын хэрэглээ болжээ. 200 км замыг хорьхон минутад туулж байгааг биеэр мэдэрч, нүдээр үзэв.

Нэг зуунд амьдарч байгаа ч нэг алхам түрүүлж буй БНХАУ-ын туршлагаас Монголчууд бид авч хэрэгжүүлэх боломжтой арга технологиуд хийгээд Монгол инженерүүд харилцан суралцах боломжтой олон олон техникийн гайхамшгийг Ubn.mn сайт цуврал сурвалжилгаар хүргэнэ. Харин дараагийн цувралаар Шанхай хотын сурвалжилгын цэгүүдээс анхаарал татсан бас бидний амьдралын хэв маягт ч ашиглаж болохуйц өвөрмөц санаануудаар уншигч танд бэлтгэн хүргэх юм.

ШУУД: Сэлбэ голын зүүн талаар хальж байсныг зогсоолоо
ШУУД: Сэлбэ голын зүүн талаар хальж байсныг зогсоолоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.