УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, цагдан хорьсон. Түүнтэй хамт 6 хүнийг шалгаж буй. Улмаар өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгч С.Батдөл нь хоёр өмгөөлөгчтэйгөөс өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн өмгөөлөгч С.Мөнхтулгаас татгалзаж, өвчтэй гэх шалтгаанаар ирээгүй өмгөөлөгч Д.Амаржаргалтай оролцох хүсэлт гаргалаа.
Иймд шүүгдэгч С.Батдөлийн хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Дараагийн шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч С.Батдөлд урьд авсан цагдан хорих, бусад нэр бүхий 6 шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийджээ.