Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын ЕНБД-ын цэргийн зөвлөх генерал Бирам Диоп-ийг хүлээн авч уулзав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 13 секунд

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Цэргийн зөвлөх, генерал Бирам Диопийг өнөөдөр /2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Г.Сайханбаяр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Цэргийн зөвлөх, генерал Бирам Диопд бид бүхний урилгыг хүлээн авч, Монгол Улсад хүрэлцэн ирсэн явдалд талархаж байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар талууд Монгол Улс, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын гадаад бодлогын нэг тэргүүлэх чиглэл нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулах явдал бөгөөд НҮБ-ын эрхэм зорилго, зорилтуудыг бодит үйл ажиллагаа болгоход онцгой анхаарал хандуулж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын хувиар бүх талаар дэмжихийн зэрэгцээ Зэвсэгт хүчнийхээ оролцоог өргөжүүлэх, тэр дундаа эмэгтэй энхийг сахиулагч нарынхаа тоог нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйгаа онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын энхийн ажиллагаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх зорилтын хүрээнд бэлтгэсэн цэргийн багуудыг НҮБ-ын үнэлгээ-зөвлөмжийн багийн үзлэгт амжилттай шалгуулж, цаашид энхийг сахиулах ажиллагаанд илгээх бэлтгэлийг ханган ажиллаж байгааг уламжлав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Цэргийн зөвлөх, генерал Бирам Диоп хариу хэлэхдээ, “Элгэмсэг дотноор угтан авсан эрхэм сайд танд болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монголын ард түмэнд талархал илэрхийлье. Танай улс хэдийгээр 3.5 сая хүн амтай ч гэлээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд сүүлийн 20 жил тасралтгүйгээр цэргээ илгээж, үүрэг гүйцэтгэж буй нь та бүхний дэлхийн энх тайван, аюулгүй байдалд оруулж байгаа хувь нэмрийг нотлон харуулж байна. НҮБ-аас хоёр жил тутамд Батлан хамгаалахын сайд нарын түвшний олон улсын уулзалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалтыг ирэх арванхоёрдугаар сард Гана Улсад зохион байгуулна. Уг уулзалтанд таныг өөрийн биеэр оролцож, дээрх саналуудаа тавихыг хүсч байна. Миний хувьд таны тавьсан саналуудыг бүрэн дэмжиж ажиллах болно. Бидний уулзалт бүрэн ойлголцолд хүрсэн, үр дүнтэй уулзалт боллоо” хэмээн тодотгон хэлэв.

Генерал Бирам Диоп албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтын үйл ажиллагаанд оролцох юм.

Авто зам, замын байгууламжийн ажлуудыг хугацаанд нь дуусгана
Авто зам, замын байгууламжийн ажлуудыг хугацаанд нь дуусгана
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.