Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албанаас өнөөдөр /2023.06.29/ хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Эрүүгийн Цагдаагийн Газрын дарга, хурандаа Т.Сүхболд "2023 оны эхний зургаан сарын байдлаар зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа нийт 23 бүлгийн 42 этгээдийн хууль бус үйлдлийг шалгаж, 11 бүлгийн 27 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Эдгээр гэмт хэргийг шуурхай илрүүлэх, эрчимжүүлэх, хэргүдийг шуурхай шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт прокурор, цагдаагийн байгууллагын алба хаагч нар орж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 20 этгээдийг цагдан хориод байна.
Цагдаагийн байгууллагаас хяналт тавьж байгаа этгээдүүдийн зүгээс нийгэмд айдас түгшүүр төрүүлж, бусдыг заналхийлж, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдан тогтвортой ажиллагаа явуулж байгаа гэмт бүлэг одоогоор байхгүй" хэмээн хэллээ.