Өчигдөр учир битүүлгээр амиа алдсан Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Ганжаргалын ар гэрийнхэн талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоон өгөхийг шаардаж мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийх үеэр эл хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж мэдээлэл өглөө. Тэрбээр "Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт байрлах Хасуй шивэрт амралтын газарт эмч Г нас барсан гэх асуудлын талаар хохирогчийн талаас мэдээлэл хийсэн. Цагдаагийн байгууллагад 2022 оны долоодугаар сарын 9-ны өдөр Хасуй шивэрт амралтын газарт хүн нас барсан байна гэх мэдээлэл ирж, тус аймгийн цагдаагийн газраас очиж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Архангай аймгийн шүүхийн шинжээч эмч дүгнэлт гаргасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааг УЕП-ын тушаалаар баталсан журмын дагуу тус мөрдөн байцаах албанд харьяалал тогтоосон. Одоогоор Мөрдөн байцаах албаны тусгай субьектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Анхны шүүх шинжилгээний дүгнэлтийг дахин хийлгэх хүсэлтийг хохирогчийн талаас гаргаж, хүсэлтийг хангасан. Гурван эмчийн бүрэлдэхүүнтэй шүүх шинжилгээний дүгнэлт гарсан боловч хохирогчийн тал эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан. Үүний дагуу ШШЕГ-аас хоёр, ЭМЯ-наас тав нийт долоон хүний бүрэлдхүүнтэй шинжээчийг томилон ажиллуулж байгаа" гэлээ.
“Талийгаач эмч Г.Ганжаргалын хэрэгт ШШЕГ-аас 2, ЭМЯ-наас 5 нийт долоон шинжээчийг томилон ажиллуулж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.