Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар гишүүдийн 50.7 хувийн ирцтэй эхэлж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал энэ сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна.
Засгийн газар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г 2023 оны аравдугаар сарын 01-ний өдрийн дотор батлах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулах саналыг гишүүд гаргасныг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Түүнчлэн нийтийн албан тушаалтан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээний зарлагыг мэдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх; Үндсэн хууль болон олон улсын гэрээнд заасан албан тушаалтнуудаас бусад хуулиар тогтоосон албан тушаалын халдашгүй байдлын хүрээг хязгаарлах асуудлыг төсөлд тусгахаар холбогдох саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Авлигын гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг хураах нэмэгдэл ялын төрөл бий болгох асуудлыг судалж, санал боловсруулахаар тогтоолын төслийн хавсралтад тусгах, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг хориглож, хэрэгжилтийг хангана гэж заасныг төслөөс хасах зэрэг зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн гэлээ.
Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Ганбат, О.Цогтгэрэл, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Тухайлбал, 2012 оноос хойш нийтдээ 8 удаа төрийн байгууллагуудын шударга байдлын талаарх судалгаа хийхэд нэр бүхий байгууллага удаа дараа тааруу үнэлгээ авсан бөгөөд тэдгээр байгууллагын авлигын эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх бодит арга хэмжээний талаар тодрууллаа. Хэлэлцэж буй төсөл нь ирэх 7 жилийн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газар, мөрдөх алба, иргэний нийгмийн байгууллагууд болон бүх нийтээр авлигаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт үйлдлийн эсрэг хэрэгжүүлэх цогц стратеги гэдгийг Байнгын хорооны дарга онцоллоо. АТГ-аас санаачлаад, нийт 9 салбарын хүрээнд бүх яамны төлөөлөл, иргэний нийгмийн төлөөлөл, олон улсын байгууллага, хөндлөнгийн мэргэжилтнүүд оролцсон 40 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг багагүй хугацаанд ажиллаж, боловсруулсан бодлогын баримт бичгийн төсөлд байгууллагуудын авлигын эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх бодит арга хэмжээний талаар туссан гэдгийг хэлсэн. Сүүлийн жилүүдэд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс бодитой арга хэмжээ авч, үүний үр дүнд авлига, албан тушаалын талаарх гэмт хэргүүд олноороо илэрсэн гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, илрүүлэх, таслан зогсоох механизм ажиллаж байгаа учраас нийгмийг бухимдуулахуйц хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, нэмэгдсэн хэмээн тайлбарлав. Хэрэгжих хугацаа нь дуусч буй хөтөлбөр үр дүнтэй байсныг Б.Энхбаяр гишүүн тайлбарласан. Парламент, Засгийн газар, хууль хяналтын байгууллага, ард түмэн нийтээрээ нэг зүгт харж, хамтдаа нээлттэй, ил тод хэлэлцэн гэмт хэргүүдийг илрүүлж байгаа нь Монгол Улсын түүхэнд байгаагүй үйл явдал гэв. Сүүлийн жилүүдэд АТГ-ын илрүүлж, шалгаж буй гэмт хэргийн тоо нэмэгдэж, цар хүрээ өргөжиж, улсад учруулсан их наядаар хэмжигдэх хохирлыг тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэх зэргээр хөтөлбөрийн үр дүнг бодитоор харж болох бөгөөд үүнд эрх зүйн орчны нөлөө, улс төрийн манлайлал дэмжлэг болж байгааг ч хэлсэн.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ялын дээд хэмжээ оногдуулахаар холбогдох хуульд өөрчлөх оруулсан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголуудыг, Эдийн засгийн байнгын хороо “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг тус тус зохион байгуулсан. Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хороо ирэх намар нээлттэй сонсгол хийхээр дүгнэлт гарсан. Түүнчлэн цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаад орнуудаас авсан зээл, тусламж, дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого зарлагыг нийтэд ил болгох ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар Байнгын хорооны холбогдох тогтоол батлагдсан гэх зэргээр Улсын Их Хурал авлигын эсрэг улс төрийн манлайлал үзүүлж ажиллаж байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга тэмдэглэн хэллээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төсөв, хүний нөөц, эдийн засгийн дэмжлэг тусгасан эсэхийг гишүүд тодруулахад ийм агуулгаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн 2023 оны аравдугаар сарын 01-ний өдрийн дотор батлах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгахаар төсөлд тусгах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Байнгын хороо дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байгаа гэв. Хэлэлцэж буй хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхэд 7 жилийн хугацаанд 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцоолол хийснээ Б.Энхбаяр гишүүн хэлсэн. Улсын Их Хурлын гишүүд төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой, бизнесийн салбар дахь төрийн оролцоог зохистой түвшинд хүргэхтэй холбоотой төсөл дэх зохицуулалтууд, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, тус хуулийг хэрэгжүүлсэн талаарх төрийн байгууллагуудын дүн шинжилгээний талаар тодруулж, хариулт авсан юм. Ийнхүү гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа дээрх тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн байна.