Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Эдийн засгийг тогтворжуулах тогтоолыг оруулсан. Энэ жилийн хувьд эдийн засгийн өсөлт 6 орчим хувьтай гарах болов уу гэсэн бодолтой байна. Гэхдээ төсвийн тодотголоор төсвийн зардлыг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ нь 500 орчим сая ам.доллар гэсэн үг.
Биржээр зөвхөн нүүрс зарж байсан бол долоодугаар сарын 1-нээс төмрийн хүдэр, жоншийг нэмж зарна. Цаашид үргэлжлүүлээд дараа дараагийн ашигт малтмалуудаа биржээр зараад явбал Монгол Улсын орлого, вальютийн нөөц нэмэгдэнэ. Энэ хэрээр төгрөгийн тогтвортой байдлыг хангах боломжийг бүрдүүлнэ.
Банкны салбарт өрсөлдөөнийг нэмэх тухай асуудал байна. Гаднын хөрөнгө оруулалтын банк оруулж ирвэл Монгол Улсад байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Энэ хэрээр нийлүүлэлт нэмэгдэхэд хүү буурна. Тэгэхгүй бол одоо байгаа банкуудтайгаа 20,30 жил явж байна. Банк, санхүүгийн салбарын либералчлалыг идэвхтэй хийж, хөрөнгө оруулалтыг татах ажлыг Монголбанк идэвх санаачилгатай хийх хэрэгтэй. Банкны салбар дээр өрсөлдөөнийг нэмэх шаардлагатай" гэв.