Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиудад авах арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол гарч байна. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн жил цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халахад томоохон алхам хийсэн. Улмаар цэцэрлэгийн хүртээмжийг 90-ээс дээш хувьд хүргэсэн.
2022-2023 оны хичээлийн жилд 859 сургуульд 746 мянган сурагч суралцаж байна. Үүнээс гурван ээлжээр хичээллэж байгаа 6 сургууль бий. Үүнд 1451 суралцагч суралцаж байна. 18 сургуулийн барилга удааширч, 20 түрээсийн байрыг сургуулийн зорилгоор ашиглаж байна. Үүнд 11 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Нэгдүгээр ангид 70 мянган хүүхэд ороход 12 дугаар ангийг 35 мянган хүүхэд төгсөж байна. Тэгэхээр жил бүр 35 мянган хүүхдийн ачаалал ирдэг гэсэн үг. Тэгэхээр зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэх бодитой эрсдэл үүсдэг тул арга хэмжээ авахаар хэлэлцсэн.
2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуульд, 33 мянга гаруй суралцагч, 17 аймгийн 34 сургуульд 4379 сурагч гурван ээлжээр хичээллэх бодитой эрсдэл үүссэн. Энэ эрсдлийг шийдэхийн тулд бодлогын зургаан шийдлийг авна.
Нэгдүгээрт, ачаалал ихтэй сургуулиудад шинээр болон өргөтгөл хийгдэж байгаа барилгын ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай. СХД-ийн 12, 62, БЗД-ийн 26 дугаар хорооны сургуулиуд маш олон жил баригдаж байна. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлж, хүйтрэхээс өмнө ашиглалтад өгөх, санхүүжилтийг нэмэлтээр тусгахаар шийдвэрлэсэн. Мөн нэг ангид 45-аас илүү хүүхэд суралцахгүй байх төлөвлөлтийг хийнэ" хэмээлээ.