Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.21/ хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат "Төрийн аудитын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох дүн шинжилгээ хийж, 2024 онд хэрэгжүүлж болох төрийн аудитын бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлсныг онцлон тэмдэглээд үүндээ аудитын шийдвэрийн хэрэгжилт, төрийн аудитын байгууллагын хараат бус байдалд итгэх иргэдийн итгэл, төрийн аудитын байгууллагын чадамжийн үнэлгээг тус тус нэмэгдүүлэхээр тусгасан.
Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10-т нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн баримт бичгийн шаардлагын дагуу Төрийн аудитын байгууллагын 2024 оны төлөвлөгөөний төсөлд гурван тэргүүлэх чиглэл, найман үндсэн үйл ажиллагаа, 10 арга хэмжээ, нэг төсөлд нийтдээ 38.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан.
Санхүүжилт өмнөх оноос 9,337.1 сая төгрөгөөр өсөхөд дараах зардлууд голлох нөлөө үзүүлсэн. Үүнд:Төрийн албан хаагчдын цалин хөлсний шинэчлэлтэй уялдуулан тооцоолсон дүнгээр цалин, хөлс болон нэмэгдэл урамшуулал (Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл нийт дүн 7,242.5 сая төгрөг, хичээл үйлдвэрлэлий дадлага хийх буюу албан хаагчдын чадамжийг дээшлүүлэхэд 789.1 сая төгрөг, мэдээллийн технологийн үйлчилгээний зардал буюу төрийн аудитын байгууллагын мэдээллийн ил тод байдлын цахим шилжилтийг сайжруулахад 214.5 сая төгрөг, урсгал шилжүүлэг 512.7 сая төгрөгөөр) тус тус өмнөх оноос нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа" гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд үг хэлсний дараа "Үндэсний аудитын байгууллагын 2024 оны төсвийн төслийг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.