Нийгмийн даатгалын багц хуулийг энэ өдрүүдэд хэлэлцүүлж, малчид нийгмийн даатгалын шимтгэлийнхээ 50 хувийг төлсөн нөхцөлд төр үлдсэн 50 хувийг нь төлнө гэх агуулгатай заалтыг нь олон нийт хүчтэй шүүмжилж байна. Шүүмжлэх нь ч зөв.
Олон нийтийн шүүмжлэл бол зөвхөн наад захын шударга ёсны төлөөх шүүмжлэл юм. Өөрөөр хэлбэл, даатгуулагчдыг алаг үзэж, эсвэл хэн нэгнийг нь хөнгөлж чөлөөлөх нь шударга бус л гэдэг дөнгөж эхний аргумент. Нээрээ ч өдөр шөнөгүй хөдөлмөрлөж олсон тав, гурван цааснаасаа сар бүр багагүй хэмжээг нь шимтгэл болгон төлж буй аж ахуйн нэгжид ажиллагсдын хувьд манай төрийн үйлдэл үнэхээр утгагүй харагдахаас яах билээ. Айлын шоовдор хүүхдийн мэдрэмжийг авах нь хэнд ч сайхан санагдахгүй нь ойлгомжтой.
Товчхондоо, малчид Монголоо аврах гээд, маниус “алах” гээд яваа мэт алагчилж үзсэн хууль батлах нь байна. Малчдаа төр дэмжилгүй яах вэ. Гэхдээ ингэж хавтгайруулсан халамжаар угжиж биш. Халамж, даатгал хоёроо ингэж бүдүүлгээр хольж дэмжихгүй. Харин малчдынхаа дундаас тодорхой сегментийг сонгож дээрх хөнгөлөлттэй шимтгэл төлөх боломжийг санал болгох нь зөв. Өөрөөр хэлбэл, маш бага малтай, амьжиргааны түвшин доогуур гэж үнэлэгдэх зорилтод бүлгийн малчдыг дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох боломжийг бүрдүүлэх нь эрүүл ухаантай хүмүүсийн үйлдэл. Жишээлбэл, 200-гаас доош малтай иргэдийн амьжиргааны баталгаа хангагдахгүй гэж үздэг. Жилд малаасаа олдог мөнгөн урсгал нь маш бага байдаг. Ийм хүмүүсийн ирээдүйн нийгмийн баталгааг төр яг энэ бодлогоороо бий болгох учиртай.
Түүнээс биш мянга, мянгаар тоологдох малтай малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг нь төр даагаад эхэлбэл энэ чинь даатгалын биш биш халамжийн бодлого болж хувирна. Хот, хөдөөгүй халамж цацсаар байгаад энэ улсад чинь ажил хөдөлмөр хийдэг хүн үгүй боллоо. Латин америкийн зарим орнууд энэ төрлийн хөтөлбөрийг зөвхөн орлого багатай загасчдад анх туршиж байсан гэдэг. Японд гэхэд аав нь нийгмийн даатгал төлж байгаа нөхцөлд хүүхэд гаргаад гэртээ суугаа ээжийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцдаг зэргээр нийгмийн даатгалын шимтгэл дээр нь хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэг. Гэхдээ тэд хэзээ ч манайх шиг хавтгайруулан даатгалаа халамж шиг болгодоггүй.
Нийгмийн даатгалын сангийн ирээдүй бүрхэг болоод удаж буй. Урт хугацаандаа улам хүнд байдалд орно. Саяын цалин, тэтгэврийн тооцоололгүй нэмэгдэл хүртэл ирээдүйд сөрөг нөлөө үзүүлнэ. Ийм байхад 50 мянган малчныг шимтгэл төлүүлэхийн тулд аж ахуйн секторт ажиллаж байгаа 100 мянган даатгуулагчдынхаа урам зоригийг нь мохоосон дабль стандарттай хууль хэзээ ч баталж болохгүй. Аж ахуйн нэгжийн секторт ажиллаж байгаа даатгуулагчид байрны зээл, жирэмсний амралт, элдэв зээлд хамрагдахын тулд л шүд зуун шимтгэл төлж буй. Ихэнх нь шимтгэл биш татвар болчихлоо гэж шүүмжилж байна. Энэ үед төр нь алагчилсан бодлого гаргачихвал шимтгэл төлөхөөс татгалзах, даатгуулагчдын тоо буурах зэрэг сөрөг хандлага зүй ёсоор бий болно. Энэ нөхцөлд нөгөө даатгалын сан чинь жинхэнээсээ эрсдэл, дампуурал хоёр руу зэрэг явна.
Хэрвээ үнэхээр уг агуулгаа хадгалах гэж байгаа бол малчид дундаасаа цөөн тооны малтай, амьжиргааны баталгаагаа малынхаа ашиг шимээр хангаж чадахгүй байгаа зорилтод бүлгээ сонгож энэ хуулийн заалтаа нарийвчилж заах нь зүйтэй гэж байнгын хорооны дарга П.Анужин, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нарт хэлье.
Түүнээс биш сонгуулийн өмнө малчдын саналыг татах гэж буй мэт ийм хар муйхар аргаар хууль "үйлдвэрлэж" болохгүй. Ингээд батлагдвал ҮХЦ хүртэл уг зүйл заалт явах ёстой болно. “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж эцэг хуульд заасан байдгийг дахин сануулъя.
Нийгмийн даатгалын багц хууль шиг ийм том хуулийн шинэчлэлд ингэж хөнгөн хуймгаа хандаж болохгүй. Мэдэхгүй бол ядаж судалж, мэддэг хүмүүсээс нь асуух хэрэгтэй.
Г.Лхагвадорж