Сэтгүүлч Б.Мягмарсүрэн ОХУ-д ажиллаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нар ажиллаж буй. Энэ удаагийн айлчлалын үндсэн хэсэг болох төмөр замын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд зээлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, тээвэр ложистиктой холбоотой тодорхой хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэж, албан ёсны хэлэлцээ хийлээ.
Тодруулбал, Улаанбаатар төмөр зам ХНН-д анх хийгдэж байсан хоёр улсын хэлэлцээрт энэ удаад өөрчлөлт оруулж, дүрмийн санг хоёр улсын талаас тус бүр 83.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх асуудал шийдэгдэж байна.
Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэхдээ "Хоёр жилийн өмнө ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтой уулзаж уг асуудлыг Засгийн газрын түвшинд хөндөж тавьсан нь эцэслэгдэн шийдэгдлээ. Өнөөдөр талууд холбогдох баримт бичигт гарын үсэг зурснаар албан ёсоор баталгаажих юм.
ОХУ болон Монголын тал төсөвт дээрх санхүүжилтийг тусгаснаар эдийн засгийн үр өгөөж нэмэгдэхээс гадна Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хувьд томоохон хөрөнгө оруулалт орох төдийгүй транзит тээвэр ложистикийг өргөжүүлэх том суурийг тавьж байна. Дээрх санхүүжилт болох нийт 168 тэрбум төгрөгөөр дүрмийн санг нэмэгдүүлснээр тус компанийн зээлжих зэрэглэл нэмэгдэх давуу талтай. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалтын боломжууд нээгдэнэ. Цаашлаад төмөр замын эд анги, зүтгүүрийг шинэчлэх боломжтой болж байна" хэмээлээ.